Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Буянт-Ухаа спорт цогцолборт энэ сарын 7-8-нд болсон билээ.
Эрэгтэйчүүдийн 125 кг-д олон жилийн турш эх орныхоо нэрийг тив, дэлхийд тахалсан, УАШТ-ий есөн алт, хоёр мөнгөн медальт, ОУХМ Ж.Чулуунбат зодог тайлж, дасгалжуулагч болсон.
Өдгөө тэрбээр ШШГЕГ-ын харъяа, А.Давааням даргатай “Сүлд” спорт хорооны дасгалжуулагчаар ажиллаж буй.
Ж.Чулуунбатын дасгалжуулсан тамирчид УАШТ-д өнгөтэй байж, эрчүүд нь хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар багаараа III байрт шалгарав.
Эрэгтэйчүүдийн ангилалд багийн дүнгээр Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 61 оноогоор тэргүүлж, Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу мегастарс” 51, Ж.Чулуунбат дасгалжуулагчтай “Сүлд” спорт хороо 47 оноогоор удаалав.