Өнгөрсөн амралтын өдрүүдэд манай орны төвийн болон баруун, зүүн бүсийн аймгуудаар цас орж, хүйтрэн, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаалагдмал болсныг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас мэдээлэв. A0403 дугаартай, Дархан-Уул-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн авто замын 265-321 км-т их хэмжээний цас орж, тээврийн хэрэгсэл саадгүй зорчих аргагүй болсон тул “Сэлэнгэ-АЗЗА” ТӨХК-ийнхан тухайн хэсгийн замыг машинаар түрж, цэвэрлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангажээ. Булган-Мөрөн чиглэлд буюу Түлүүгийн даваа орчимд үүссэн халтиргаа гулгааг багасгахын тулд “Булган АЗЗА”-ынхан давс, бодис, хайрга цацаж, болзошгүй эрсдэлээс сэргийлсэн байна.
Энэ сарын 2-3-нд шилжих шөнө Ховд, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт мөн хур тунадас орж, цаг агаар мууджээ. Ховд-Өлгий чиглэлийн авто замын 80-90 км-т буюу Бураатын даваа орчимд их хэмжээний цас хуримтлагдсанаас тээврийн хэрэгсэл түр хугацаанд зорчих аргагүйд хүрсэн аж. Тухайн хэсгийн авто замын засвар, арчлалтыг хариуцсан “Жол” ХХК-ийнхан хунгарласан цасыг автогрейдрээр хугацаа алдалгүй цэвэрлэж, зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдүүлжээ.
Өчигдрийн 09.00 цагийн байдлаар Өндөрхаан-Баруун-Урт, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто зам дагуу цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зарим хэсгээрээ халтиргаа гулгаатай байв. Орон нутгийн замд зорчиж буй иргэдийг цаг агаарын богино хугацааны мэдээллийг тогтмол харж ажлаа төлөвлөн, болзошгүй эрсдэлээс сэргийлэн, анхаарал болгоомжтой зорчихыг цаг уурын болон авто замын байгууллагуудаас анхаарууллаа.