Монгол Улсын үе үеийн эмэгтэй парламентчдын гурав дахь удаагийн чуулган өчигдөр “Чингис хаан” үндэсний музейд боллоо. Энэ үеэр “Өөрчлөлтийн зүгт” өгөгдөл дүрслэлийн үзэсгэлэнг дэлгэсэн юм. Чуулганаар “Анхдугаар үндсэн хууль батлагдсаны 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал”, “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт илтгэл танилцуулав.
1924 оноос хойших парламентын түүхэнд эмэгтэйчүүдийн оролцоо, парламентад төлөөллийг хангахад чиглэсэн эрх зүйн шинэчлэлийн үр дүнгийн талаар хэлэлцлээ. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөлөл, жендерийн манлайлагч аймаг, дүүргийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч нар оролцжээ. Эмэгтэй парламентчдын чуулганыг өмнө нь 2022, 2023 онд зохион байгуулж байв.
Ташрамд дуулгахад, Сонгуулийн ерөнхий хороо, “Тунгаахуй” өгөгдлийн урлан хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр сонгуулийн хүйсээр ангилсан өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэнг танилцуулжээ. 2024 оны УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн хүйсээр ангилсан өгөгдлийг хамгийн өргөн хүрээнд бүрдүүлсэн бөгөөд эдгээр өгөгдөлд суурилан дүрслэлийн нээлттэй сан бий болгосноороо онцлог аж.
Ч.ТУЯА