Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж буй. Түүнчлэн явган хүний гарцын хөдөлгөөн ч ихэсжээ. Үүнтэй холбогдуулан зорчих хөдөлгөөн ихтэй уулзварын гарцын ногоон гэрэл асах хугацааг 40 секундээр тооцож тохируулсан гэнэ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар автомашинаа хувааж хэрэглэх, алхах, дугуй, скүүтер, нийтийн тээврээр зорчихыг уриалсан “Эко мобилити” аяныг албан ёсоор эхлүүлж буй. Үүний хүрээнд явган зорчигчийн гэрлэн дохио асах хугацааг уртасгасан байна.
Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хөдөлгөөн зохион байгуулалтын инженер Б.Ирээдүй “Эко мобилити” аяны хүрээнд Улаанбаатар хотын явган хүний зорчих хөдөлгөөн ихтэй 20 уулзварт ногоон гэрлэн дохионы хугацааг 3-12 секундээр нэмлээ. Тухайлбал, Гадаад харилцааны яам, Төв шуудан, Зүүн дөрвөн зам, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр, Наадамчдын зам зэрэг зорчих хөдөлгөөн ихтэй уулзварт гарцын хугацааг нэмж тохируулсан” гэв.
У.СҮРЭН