АН, Шинэ нам хамтран сонгуульд оролцох санамж бичиг байгуулав. Өчигдөр болсон энэхүү үйл ажиллагаанд АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт, Шинэ намын дарга Ц.Гантулга нар бусад төлөөллийн хамт оролцлоо.
АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал “Шинэ намын үзэл баримтлал, манай намын үнэт зүйлтэй нийцдэг учир бид хамтарч байна. Засгийн газрын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 86 хувьд АН-ын мөрийн хөтөлбөрийг тусгасан. Тиймээс бүх шатанд сонгогчдын итгэлийг бодит ажил болгох орон нутгийн хөтөлбөрийг бид хийж байна” гэв.
Харин Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт “Би УИХ-ын сонгуульд оролцож ялагдал хүлээсэн ч энэ нь нийслэлд ялагдана гэсэн үг огт биш. Эсрэгээрээ нийслэлд ялалт байгуулах гэж багаа удирдаж сонгуульд оролцож байна” гэлээ. Тэрбээр хотын одоогийн удирдлагыг “Олон нийтэд таалагдах гэсэн дүр эсгэж байна. Ажил хийх биш, шоу үзүүлж, хотын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг улам уруудуулсаар байна” хэмээн шүүмжиллээ.
Э.БОРГИЛ