“Өвөрхангай аймгийн Тарагт сумд арабчууд хууль бусаар шонхор барьж, дураараа дургиж байна” гэсэн тайлбартай нэгэн дүрс бичлэгийг орон нутгийн иргэд өнгөрсөн сард олон нийтийн сүлжээнд оруулсан нь идлэг шонхрын асуудал уламжлал ёсоор нийгмийн анхааралд орох шалтгаан болов. Үүнтэй холбоотойгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэл хийсэн нь шонхрын асуудлаас илүүтэй анхаарал татлаа. Тус яамныхан шонхрын экспорттой холбоотой өдгөө баримталж, хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалт, квот, төлбөр, хураамжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бөгөөд “Шонхор шувууг хамгаалах, ашиглахтай холбоотой бүх ажил шинжлэх ухааны үндэслэлтэй явдаг. Яам бодлогын түвшинд л шийдвэрээ гаргадаг” гэж олон нийтэд тайлбарлалаа. Үүнийгээ илүү итгэл үнэмшилтэй болгох үүднээс манай улсын урдаа барьдаг судлаачдын төлөөллийг авчран суулгаж, хэвлэлийн хурлаа “чимэв”.
Монголын төр эрдэмтдээ сонсдоггүй, тэднийг зөвхөн тааллаараа “яриулдаг”
Тэдний нэг болох, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн профессор “Шонхор нүүдлийн шувуу юу, үгүй юү гэдэг асуудал гарч байна. Энэ төрлийн шувуудыг дотор нь нүүдлийн, хагас нүүдлийн, суурин, хагас суурин гэж ангилдаг. Идлэг шонхор бол хагас буюу заримдаг нүүдлийн шувуу. Залуу жигүүртнүүд нь нүүдэг, нас бие гүйцсэн нь өвөлжиж, үрждэг. Тиймээс бүтэн нүүдлийн шувуу биш. Бие гүйцсэн шувууд ч бас нүүдэг. Идлэг шонхор дэлхийд ховордлын зэрэгтэй. Харин манай оронд эмзэг гэсэн статустай. Гэхдээ ховор амьтны жагсаалтад ороогүй” хэмээн ярив. Залуу идлэг шонхор нүүдэг, бие гүйцсэн нь суурин байдаг гэх атлаа “Нас гүйцсэн шувууд ч бас нүүдэг” гэх. Энэ төрлийн жигүүртэн дэлхий дахинд ховордсон ч Монголд эмзэг байгаа, гэхдээ манайхан албан ёсоор ховор амьтны тоонд оруулаагүй хэмээх. Түүний хэлсэн энэ хэдхэн өгүүлбэрийн учир зүйг жирийн иргэд байтугай мэргэжлийн хүмүүс ч ухаж ойлгоход тун бэрх. Харин Монголын шувуу хамгаалах төвийн нэгэн судлаач Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Арабын Нэгдсэн Эмират Улсын Махчин шувуу хамгаалах сантай хамтран өндөр хүчдэлийн шугамуудыг аюулгүй болгож, шонхрын хорогдлыг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажилласан, төслийн үр дүнд жигүүртнүүд цахилгаанд цохиулж үхэх нь 94.5 хувиар буурсан гэж “сайшаав”.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамныхан энэ хуралд судлаачдын төлөөллийг оролцуулсан гол зорилго нь бид ямар ч үед мэргэжлийн судлаач, эрдэмтэдтэй ойр дотно, хамтарч ажилладаг гэдгийг нотлох байв. Үүнийгээ “шонхор бол тогтворгүй суурьшилтай амьтан, дураа хүрэхээр Монголоос хэдийд ч гараад явчихдаг”, “энэ төрлийн шувууд цахилгаанд цохиулж, олноороо энддэг, бид хамтран тэднийг хамгаалсаар ирсэн” гэсэн хоёр гол аргументаар батлахыг оролдлоо. Дээрх хоёр судлаач идлэг шонхрын талаар мэдэхгүйдээ, эсвэл хэвлэлийн хурлын үеэр ямар өнцгөөс, юу ярих чиг баримжаагүйдээ ийм “бөөрөнхий”, эргэж буцсан, илт өмгөөлж хамгаалсан өнгө аястай зүйл хэлээд байгаа ч юм биш. Яамныхны, хурал зохион байгуулагчдын таалалд нийцүүлэх гэсэндээ л тэр юм. Ерөөс манай улсад ийм жишиг тогтчихлоо. Төрийн байгууллагынхан, албаны хүмүүс хуудуутай ажил, хулгай луйвраа хаацайлах болохоороо л эрдэмтэн, судлаачдадаа жигтэйхэн ойр дотно мэт дүр эсгэж, тэднийг сонсдог, дэмждэг юм шиг харагдахыг хичээдэг болов. Идлэг шонхортой холбоотой асуудал дээр ч энэ “үзэгдэл” давтагдсан учир хамгийн ойрын гэдэг үүднээс жишээ татав.
Өнгөрсөн зун Сэлбэ, Дунд гол тойрсон асуудал олон нийтийн ярианы сэдэв болсон. Нийслэлийн удирдлагууд үерийн эрсдэлийг бууруулах, иргэдээ гамшиг ослоос хамгаалах нэрийдлээр тус гол дагуух байгалийн мод, ургамлыг булгалан түрж, лаг хагшаасыг нь цэвэрлэнэ гээд голдирол, татамд нь хаа хамаагүй халдсанаас шүүмжлэлийн бай болсон юм. Гол, устай холбоотой асуудал, тэр дундаа Туул, Сэлбийн экосистемийн хамгаалалд жигтэйхэн санаа тавьсаар ирсэн, “усны” гэж дуудагдталаа салбартаа үнэлэгдсэн нэгэн судлаач энэ үеэр мөн л нийслэлийн таалалд нийцүүлэн байр сууриа илэрхийлсэн. ШУА, МУИС, ХААИС зэрэг эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулийн цөөнгүй багш, судлаач энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, үгээ хэлсэн бол тус эрхэм ганцаараа “эрэг”-ийн нөгөө талд гарч зогсов. Нийслэлийн Засаг даргын дийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул тэргүүтэй албаны хүмүүс мэдээлэл хийхэд байлцсан тэрбээр “Олон улсын жишгээр бол хот дундуур урсаж байгаа аливаа голын лаг хагшаасыг үргэлж цэвэрлэдэг. Өнгөрсөн өвөл Сэлбэ голын мөсийг зөөж, цэвэрлэхэд олон нийт эсэргүүцэж, шүүмжилсэн ч үр дүнд нь хавар шар усны үер болоогүй. Үүний адилаар Сэлбэ голын лаг хагшаасыг зөөж, цэвэрлэж байгаа ажил ч хэзээ нэгэн цагт үр дүнгээ өгнө” хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн тэрбээр хотын дарга Х.Нямбаатар болон түүний багийнхан Туул, Сэлбийн урсцыг сайжруулах, усны нөөц бүрдүүлэх чиглэлд онцгойлон санаа тавьж байгааг үе үе магтан сайшаадаг “ажилтай” болов. Гэтэл одоо Сэлбэ, Дунд голын нөхцөл байдал туйлын хүнд, өмнөхөөс дээрдэж, сайжирсан зүйлгүй байна. Салбартаа дориун хэмээн үнэлэгддэг судлаач, эрдэмтэд төрд хэрхэн “тархидуулдаг”-ийн бас нэгэн жишээ нь энэ болов.
Төр эрдэмтэн, судлаачдаа сонсох шаардлагатай юу. Мэдээж тийм. Ингэж байж аливаа асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаанд тулгуурлан үр дүнтэйгээр шийдэх боломж бүрдэнэ. Улсын болон салбарын хөгжлийн гуйвшгүй үндэс суурь нь шинжлэх ухааны судалгааны үр дүн ч гэж үздэг. Тэрчлэн энэ нь болзошгүй эрсдэл, алдаа дутагдлаас сэргийлж, цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирохоос хамгаалдаг. Энд сонсох гэдгийг зөвхөн чихнээ сэрж мэдрэх, чагнах төдийхнөөр бус, тэдний саналыг бүтээлчээр тусган авах, судалгаа, тооцооллыг нь үнэлэх, шаардлагатай тохиолдолд дайчилж, гар нийлж ажиллах гэсэн өргөн агуулгаар хэлж буй гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. Харамсалтай нь, манай улс эрдэмтэн, судлаачдаа сонсох бус, тэднийг утсан хүүхэлдэй болгон ашиглаж, зөвхөн хэрэгцээтэй үед өөрсдийн тааллаар “яриулж” иржээ. Ялангуяа дээрх шиг нийгмийн шүүмжлэлд өртсөн асуудлуудад тэднийг ийм байдлаар ашигладаг явдал гаарлаа.
Зүй нь бол аливаа нэг ажлыг хийхээсээ өмнө, бодлого, шийдвэр гаргахаасаа урьтан тооцоо, судалгаа хийх ёстой. Үүнд эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо, байр суурь хамгийн чухал. Гэтэл манайд бол эсрэгээрээ, бүх зүйл өрнөж дууссаны дараа л тэднийг сонсож буй дүр эсгэж байна. Улсаас хэрэгжүүлж байгаа бүх шатны ажил, гаргаж буй бодлогод мэргэжлийн хүмүүсийн оролцоо, орон зай үгүйлэгдсээр. Монголд төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгждэггүй, “богино настай” байдгийн гол шалтгаануудын нэг нь ч энэ юм. Ниргэсэн хойно нь хашхирав гэгч л болоод дуусдаг. Сүүлдээ эрдэмтэн, судлаачдын үнэлэмж, байр суурь ч алдарч байх жишээний.
Сэлбэ, Дунд голын эрэг дагуух бургасыг тайрч, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг гэхэд хэчнээн олон судлаач эсэргүүцэж, шинжлэх ухааны талаас нь үндэслэл, тайлбар дэвшүүлэв ээ. Нийслэлийнхэн үүний хариуд ганц ч дорвитой тайлбар өгч чадаагүй. Харин ч мэргэжлийн гэгдэх зарим хүнийг судлаачдын эсрэг дуугаргаж хариу барилаа. Өндөр хүчдэлээс үүдэлтэй идлэг шонхрын хорогдлыг зогсооход төр засгаас анхаарах шаардлагатай ч экспортоор гаргаж буй бодгалийн тоотой харьцуулж, ор үндэслэлгүй мэдээлэл түгээх замаар гадаадад худалдахыг хөхиүлэн дэмжиж болохгүй хэмээн мэргэжлийн хүмүүс хэдэн жил ярив аа. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагынхан судлаачдын үгийг үг гэж тоолгүй өнөөдрийг хүрсэн атлаа жил болгоны тодорхой үед шонхортой холбоотой шуугиан дэгдэх үед хөдөлгөөнд орон сандралдаж, салбарынхаа “томчууд”-аар өөрсдийгөө өмгөөлүүлдэг болов. Энэ мэтчилэн дурдвал эрдэмтэд үг, үзэл бодлоо “худалдсан” жишээ өчнөөн.
Монгол Улс хөгжлийн бүх үедээ шинжлэх ухааны судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дэмжиж ирсэн, үүнийг хөгжлийн бодлогынхоо суурь болгоно гэж ярьдаг ч бодит байдал ийм л буй. Манай улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд мэдлэгт суурилсан эдийн засаг, нийгмийн чиг баримжаа бүхий шинжлэх ухаан, технологи, инновац зэрэг үг олонтоо тусгагдсан байдаг ч мэдлэгт тулгуурласан, чиг баримжаатай шийдвэр гаргах, ажил хэрэгжүүлэх орчин нөхцөлийг төдийлөн бүрдүүлж чадаагүй л байна. Ямар сайндаа л хамтарсан засаг байгуулж, зарим яамны нэр, бүтцийг өөрчлөхдөө шинжлэх ухааны салбарыг төрийн захиргааны төв байгууллагын нэршлээс “хасчихсан” шүү дээ. Хариуцах “эзэнгүй”, хамаарах яамгүй салбарт ирэх жилүүдэд өөрчлөлт, дэвшил гарна гэж итгэж найдахад тун бэрх.
Н.МИШЭЭЛ