ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн харьяа “Улаанбаатар одон орон судлах оргил” энэ сарын 15-наас үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлжээ. Богдхан уулын Хүрэлтогоотын аманд байрлах энэхүү төвд очсоноор өндөр хүчин чадал бүхий дурангаар од эрхсийг дурандаж, харах боломжтой. Геофизикчид сар хөөрөх мөчийг харгалзан 22.00 цагаас хойш үйлчлүүлэгчдэд үүдээ нээж буй гэнэ.
Одон орон судлалын төвд очихдоо 9514 9991 дугаарын утсаар холбогдон, урьдчилж цаг авах шаардлагатай юм байна. Үүлгүй, цэлмэг өдөр сонгож, цагаа баталгаажуулбал од, сарыг илүү тод харах боломжтой аж. “Гараг эрхсийн ертөнц”-өөр аялах тасалбар насанд хүрэгчдийнх нь 15 000, хүүхдийнх 8000 төгрөгийн үнэтэй. Гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ үдэш оройн цагаар цэвэр агаар амьсгалангаа аялж болох, нийслэлд хамгийн ойрхон газруудын нэг нь “Улаанбаатар одон орон судлах оргил” юм.