Хүүхэд хамгааллын тухай хуулийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Тус хуулийг хэрэгжүүлснээр хүүхэд боловсролын байгууллагуудад, гэр бүлийн хүрээнд, эрүүл мэндийн салбарт, хэвлэл мэдээлэл, цахим орчинд, гамшгийн онцгой нөхцөлд гээд нийгмийн бүхий л хэсэгт хамгаалуулах эрх зүйн орчин нь бүрдэх юм. Тухайлбал, таны хүүхдийн дүрс бичлэг, зураг, яриаг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон нийгмийн сүлжээнд ч хэн нэгэн зөвшөөрөлгүйгээр түгээхгүй боллоо. Мөн эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ дэргэд архи, согтууруулах ундаа уувал хуулийн хариуцлага хүлээх нь. Хуулийн дэлгэрэнгүйг legalinfo.mn цахим хуудаснаас аваарай.
Эцэг, эх, асран хамгаалагч нарын гэр бүлийн хүрээнд хуулиар хүлээх зарим үүрэг, хариуцлагыг онцлон хүргэе.
22.1. Эцэг, эх хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалахдаа түүний нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хүчирхийллээс ангид хүмүүжлийн эерэг арга хэрэглэж, хүүхдэд зөвлөн тусална.
22.2. Эцэг, эх хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авна.
22.3. Эцэг, эх хүүхдийн амьдарч буй орчны эрсдэлийг үнэлж, арилгах, гэр бүлийн хүрээнд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ
22.5. Эцэг, эх хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд хүүхдээ хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрөх, хүүхдийн оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллуулахыг хориглоно.
22.6. Эцэг, эх хүүхдийн эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зургийг бусдад дамжуулах, цахим орчинд байршуулахыг хориглоно.
22.8. Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно.
О.УНДРАХ