Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдын үүрэгт ажлаа хүлээн аваад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Тэрбээр яам, Тамгын газар болон харьяа байгууллагынхаа дарга нарыг сольж, багаа бүрдүүлж буй сурагтай. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн дарга Б.Хишигжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Л.Бямбасүрэнг томилох тухай ярьж байна. Б.Хишигжаргал 2021 оны гуравдугаар сараас эхлэн УНТЭ-ийг удирдсан юм. Харин түүний оронд ажиллуулах Л.Бямбасүрэн нь тус эмнэлгийн Чих, хамар, хоолой судлалын тасгийн эрхлэгч, Монголын чих, хамар, хоолойн нийгэмлэгийн тэргүүн аж.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 2019 онд УНТЭ-ийн даргаар ажиллаж байсан. Тэрбээр өөрийн удирдаж байсан эмнэлгийн даргыг нэн тэргүүнд солихоор болсон нь анхаарал татаж буй. Улсын ууган эмнэлэгт удирдлага уддаггүй жишиг тогтож буй бололтой. Б.Хишигжаргалын өмнө буюу 2020 онд Н.Лхажий УНТЭ-ийн даргаар ажиллаж байв. Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар томилогдсон тул Н.Лхажийг ТУЗ-ийн хурлаар сонгосон аж. Тэрбээр албан тушаалаасаа үндэслэлгүй халагдсан хэмээн шүүхэд хандсан бөгөөд одоо хэр нь шийдэгдээгүй гэнэ. Тус эмнэлгийн даргын асуудлыг шүүхээр эцэслэн шийдээгүй байхад хоёр дахь үүрэг гүйцэтгэгчийг ийн нэрлэжээ. Гэхдээ тус эмнэлгийн ТУЗ-ийн саналаар сонгох юм байна. Нэгэнт салбарын сайд нь хүлээн зөвшөөрөхгүй буй учраас УНТЭ-ийн дарга солигдох нь цаг хугацааны асуудал болжээ. Тус эмнэлгийнхэн ирэх онд тохиох 100 жилийн ойгоо шинэ даргатай угтах бололтой.
Ч.ЦЭЛМЭГ