Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос хичээлийн жилийн эхний өдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл орохыг бүх шатны боловсролын байгууллагуудад уриалав. Тус комиссоос Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн оны хичээлийн жилийн эхний өдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл орохыг мөн уриалж байсан билээ.
Үндэсний хэмжээнд өрнүүлсэн тус уриалгад их, дээд болон ерөнхий боловсролын 300 орчим сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага хамрагдсан байна. Хүний эрх, үүрэг, хариуцлагыг хүүхдэд бага наснаас нь олгох зорилтын хүрээнд дээрх уриалгыг ХЭҮК-оос дэвшүүлж, жил бүр үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сонирхуулахад, НҮБ-ын Ерөнхий ассемблейн 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан. Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна хэмээсэн нь хүний эрхийн суурь зарчим болдог билээ.
Ч.Болор