Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дахь “Шинэ өргөө” хорооллын дунд орших хүүхдийн тоглоомын талбайн гаднах хашааг автомашин дайрч орсноос хэд хэдэн хүүхдийг гэмтээжээ. Цайвар цэнхэр өнгийн “Тоёота приус-20” загварын 89-32 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хүүхдийн тоглоомын талбайд ороод хойд дугуй нь салж унасан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ ослын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өчигдөр 17.00 цагийн үед олон нийтэд мэдээлэл өгсөн юм.
Уг мэдээлэлд дурдсанаар “Приус-20” загварын автомашин хашааг дайраад хоёр хүүхэд мөргөж гэмтээсэн бол, өөр нэг хүүхэд хашаанд дарагдсан гэсэн дуудлага өчигдөр 13.12 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний дагуу шалгахад иргэн Б нь уг тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хүүхдийн тоглоомын талбай руу орж тэнд тоглож байсан 6-9 настай дөрвөн хүүхдийг мөргөж гэмтээсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна” гэсэн юм.
Жолооч Б гэх эр цагдаагийнханд “Хааз тоормосоо андуурч гишгэснээс осол гаргачихлаа” гэж тайлбарлаж буй гэнэ. Тэрбээр согтууруулах болон мансууруулах төрлийн зүйл хэрэглээгүй гэдгийг хууль сахиулагчид тогтоосон байна.