Халхын голын байлдааны ахмад дайчин Ц. Чимэдцэрэн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар гардуулж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө. Тэрбээр түүхт ялалтын баярын хуралд оролцож, Монгол, Оросын ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, зочид, иргэдийн төлөөлөлд баяр хүргэлээ.
Энэ ялалт монголчууд нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хамгаалах, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулах үндсэн нөхцлийг бүрдүүлсэн түүхэн үйл явдал гэдгийг онцоллоо. Мөн эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэн, түүхэн сургамжийг ирээдүй хойч үедээ өвлүүлж, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх ёстойг тэмдэглэв.