Саудын Арабт болсон туялзуур сэлмийн Ази, далайн орнуудын олимпын эрх олгох тэмцээнд дасгалжуулагч Д.Ганбаатарын удирдлагад Монголоос Ц.Жигжидсүрэн, Б.Амарзаяа нар оролцлоо. Эмэгтэйчүүдийн хүнд сэлмийн төрөлд Б.Амарзаяа зургаан тулаан өрнүүлэн Малайз, Кувейт, АНЭУ, Тайвань, Ираны тамирчныг илүүрхэж, чансаагаараа эхний хоёрт эрэмбэлэгдэв. Хасагдах шатны тулаанд Йорданы тамирчныг 15:14-өөр хожин, шөвгийн наймд “Дэлхийн цом”-ын мөнгө, хүрэл медальт Австралийн тамирчныг 15:9-өөр буулган авч, хагас шигшээд шалгарсан юм. Түүнтэй энэ удаа таарсан хамгийн хүчтэй учраа нь “Токио-2020” олимпын эрх олгох тэмцээнд түрүүлсэн Сингапурын тамирчин байлаа. Тэд гурван үеийн турш тулалдаж, манай тамирчин хоёр оноогоор ялагдсанаар Парист хөл тавих эрхээс атгаад алдав. Сингапурын тамирчин шигшээ тулаанд Энэтхэгийн тамирчныг 15:13-аар ялж олимпын эрх гардсан юм.