Монгол Улсад төрийн өмчит ерөнхий боловсролын дөрвөн сургууль Кэмбрижийн олон улсын хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Үүний гурав нь Улаанбаатар хотод байрладаг бол орон нутгийн хэмжээнд Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд нэг сургууль бий. Тус сургуулийг улсын төсвийн зургаан тэрбум орчим төгрөгөөр барьсан бөгөөд 2022 оны есдүгээр сарын 1-нээс сурагчдаа хүлээн авсан юм. Барьж эхэлсэн цагаасаа олон нийтийн шүүмжлэлд өртсөн тус сургууль өдгөө багшийн хомсдолд оржээ. “Бэрх” олон улсын сургуульд багш, ажилтан нийлсэн 44 хүн ажиллаж, 247 хүүхэд суралцаж байгаа гэж албаны хүн нь хэлсэн. Гэвч бодит байдалд багш нар хүрэлцээгүй, ирсэн хэд нь тогтвор суурьшилтай ажилладаггүй талаар зарим эх сурвалж мэдээлэв.
Багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлээгүйгээс болж ийм асуудал тулгарчээ. Жишээ нь, тус сургуулийг зориод очсон шинэ багш нарт амьдрах байр хамгийн том асуудал болдог аж. Хүний хамгийн наад захын хэрэгцээ болсон ая тухтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлж чадвал багш нар тогтвор суурьшилтай ажиллах боломжтой талаар ч цөөнгүй хүн ярьж байна. Уг сургууль нь дөрвөн давхар, 640 хүүхдийн багтаамжтай ч хүчин чадлынхаа талаас илүү хувийг ашиглахгүй байгаа нь харамсалтай.
Эзэнгүй шахуу болсон гэхэд хилсдэхгүй Бэрх тосгонд хэдэн жилийн өмнө байрны түрээс нэг сарын 50 000 төгрөг байсан бол эдүгээ 500 000-д хүрч, арав дахин нэмэгдсэн гэнэ. Ийм түрээс төлөөд засвар, үйлчилгээ муутай, хуучны байранд амьдрах сонирхолтой хүн хэр олон байх билээ. Энэ талаар тус сургуульд ажиллаж байсан нэгэн багш “Багш, ажилчдын амьдрах байр байхгүй. Орон сууцын нэг өрөөний сарын түрээс хэд дахин нэмэгдсэний дээр түрээслэгчийн ая талыг харж, хэзээ ч хөөгдөж мэдэх нөхцөлд амьдарна гэдэг амаргүй. Уг нь тухайн орон нутгийн болон сургуулийн удирдлага боловсон хүчнийхээ нийгмийн асуудалд анхаарч, түрээслэх байрыг нь жилийн гэрээ байгуулах зэргээр зохицуулж болох байсан.
Мөн сургууль элсэгчдийнхээ тоог гүйцээхийн тулд шалгалтдаа дундаж үнэлгээ авсан хүүхдүүдийг ч оруулдаг. Гэтэл Улаанбаатар хотын олон улсын сургалттай сургуулиуд ямар өндөр шалгуур тавьдаг билээ. Элсэгчдийн гүйцэтгэлийн үнэлгээ хангалтгүй хэрнээ олон улсын хөтөлбөрөөр хичээллэдэг бусад сургуулийн сурагчтай ижил үр дүнг багш нараас шаарддаг нь ачааллыг нэмж, шантрахад хүргэдэг” гэлээ. Мөн тэрбээр Кэмбрижийн сургалттай сургуулийг Хэнтий аймгийн төвд барьсан бол үр дүнтэй байсныг хэлэв. Энэ тохиолдолд багш, боловсон хүчний хувьд өрсөлдөөн ихтэйн зэрэгцээ өөр аймаг, сумаас суралцах хүүхдүүдэд ч чирэгдэл багатайг дурдсан юм. Олон улсын сургалттай “Бэрх” сургуульд ажиллаж буй багш нар 50 хувийн нэмэгдэлтэй цалин авдаг аж. Гэвч энэ нь байрны түрээснээсээ хэтрэхгүй байгааг зарим багш учирласан.
Тус сургуульд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг, Улаанбаатар хотоос хүүхдүүд суралцаж байна. Зургаан тэрбум төгрөгөөр сургууль барихдаа дотуур байрыг “мартчихсан” нь хачирхалтай. Тиймээс сурагчид нь өөр сургуулийн дотуур байранд толгой хоргодож байна. Сургуулийн үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцэн ерөнхий боловсролын сургуулийнхаа дотуур байрыг засаж, сайжруулсан сурагтай. Уг дотуур байранд багш, ажилтнууд амьдрах боломжгүй тул айлын хажуу өрөө царайчилж, эсвэл хоёр, гурваараа нийлж орон сууц түрээсэлсээр өдий хүрчээ. Барилга байгууламжууд нь хуучирсан, ихэнх нь засвар хийгээгүй тул амьдрахад тухгүй аж. “Манайх төрийн өмчит сургууль учраас багш нарын амьдрах орон сууцыг бэлдэх боломжгүй. Энэ талаараа ч багш нарт анхнаас нь хэлдэг” хэмээн тус сургуулийн захирал нэгэн хэвлэлд ярьсан байна. Зориод очсон ч амьдрах байргүй шүү гээд “гэдийгээд” суухын оронд шийдэл хайж, боловсон хүчнээ татмаар санагдана. Хоёр жилийн өмнө тус тосгонд таван давхар барилга барих сураг сонсогдсон ч өдгөө суурийг нь ч тавиагүй байна. Хувийн нэг компани хашаа хатгаснаас өөрөөр ажил хийгээгүй гэнэ
Сурагчдын элсэгчдийн шалгалтын талаар тус сургуулийн холбогдох хүнээс тодруулахад “Манай сургууль элсэлтийн шалгалтаа Боловсролын үнэлгээний төвтэй хамтран зохион байгуулдаг. Өнгөрсөн хичээлийн жилд 6-9 дүгээр ангийн хүүхдүүд суралцаж байсан бол энэ удаа 6-10 дугаар анги хүртэл нийт арван бүлэг хичээллэж байна. Цаашид 11, 12 дугаар анги хүртэл тооцвол 300 гаруй хүүхэд суралцах юм” гэв. Одоогоор тус сургуульд математик, дуу хөгжмийн багш дутагдалтай байгаа аж. Сургалтын үйл ажиллагаанд нь “Шинэ эрин” сургуулийнхан зөвлөн тусалж, зарим үед цахимаар математикийн хичээл заадаг гэнэ. “Бэрх” сургуулийн математик, физикийн багш нарын ур чадвар сэтгэлд нь хүрээгүй тул хүүгээ өөр сургууль руу шилжүүлсэн гэх нэгэн ээжтэй холбогдсон юм. Тэрбээр “Хэнтий аймгаас элсэлтийн шалгалт авахад манай хүү эхний тавд жагсаж, уг сургуульд элссэн. Сургалтын орчин, хөтөлбөр нь боломжийн.
Гол нь багшлах боловсон хүчин хангалтгүй байсан учраас хүүхдээ өөр сургууль руу шилжүүлсэн. Манай хүү математик, физикийн хичээлдээ сайн, цаашдаа энэ чиглэлээрээ суралцах хүсэлтэй. Гэтэл тус сургуулийн математик, физикийн багш нарынх нь ур чадвар сэтгэлд хүрээгүй. Урьд нь олон улсын хөтөлбөртэй сургуульд багшилж байгаагүй, туршлагагүй хүмүүс байсан. Харин хими, биологи, газар зүйн хичээлийг туршлагатай, чадвартай багш нар зааж байсан. Хүү минь өөрийгөө хөгжүүлэх тал дээр багагүй суралцсан” гэж ярив. Мөн олон улсын сургалтын хөтөлбөр ахуй амьдралтай ойр байсан нь хүүд сонирхолтой байсныг ч дуулгав. Хэдийгээр “Кэмбрижийн хөтөлбөртэй” гэх тодотголоор орон нутгийн хүүхдүүдийг татаж, сурах хүсэл эрмэлзлийг төрүүлж болох ч багш дутагдалтай сургуульд сурагчид хэдий болтол тогтох вэ.
Орон нутагт ажлын байр дутагдалтайг хэн хүнгүй мэднэ. Ялангуяа сум, тосгонд сургууль, цэцэрлэг, захиргааны хэдэн ажилтнаар л ажлын байр хязгаарлагддаг гэхэд буруудахгүй. Тиймээс “Бэрх” сургуульд багшлахаар очиж буй гэр бүлийн хоёрын хэн нэг нь ажилгүй суух хэцүүхэн сонголттой тулгардаг ажээ. Анхнаасаа 2000 орчим хүн амьдардаг тосгонд биш, ядаж л аймгийн төвд олон улсын сургалттай сургууль барьсан бол гэж халаглах хүн цөөнгүй байсныг дуулгахад илүүдэхгүй биз. Улаанбаатар хотын зарим хороонд сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй хэвээр.
Тухайн үед нэг сургууль барихад дунджаар дөрвөн тэрбум орчим төгрөг зарцуулж байсан тооцоо бий. Кэмбрижийн сургуульд сурч байгаа нэг сурагчид ногдох жилийн хувьсах зардал ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийнхээс даруй хэд дахин өндөр байдаг. Энэ мэтээр нэгэнт өртөг өндөр сургууль барьснаас хойш үйл ажиллагааг нь доголдуулалгүй, багш, ажилтан, сурагчдыг хохироолгүй, хүчин чадлаа бүрэн гүйцэд дайчлан ажиллахад аль аль талдаа анхаарах ёстой юм. Орон нутгийн удирдлага төдийгүй БШУЯ анхааралдаа авна уу.