Барилга, хот байгуулалтын яамнаас “Аюулгүй барилга, Аюулгүй орчин, Аюулгүй ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнийг 21 аймгийн барилгын салбарын удирдах ажилтнууд, ажилтан, аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулан Эрдэнэт хотод өнөөдөр зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд ХНХЯ-наас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого, барилгын салбарт болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан нөхцөл, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг хангуулах, хөдөлмөр эрхлэгч, иргэдийг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх болон 2023 онд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа.
Барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж буйтай холбогдуулан барилгын салбарт үйлдвэрлэлийн ослын тоо буурахгүй эрдэнэт хүний амь нас эндэх, хөдөлмөрийн чадвар алдах зэрэг асуудал олноор гарч байна. Улсын хэмжээнд барилгын салбарт сүүлийн таван жилд 180 үйлдвэрлэлийн осол бүртгэгджээ. Ослын шалтгааныг авч үзвэл, нийт ослын 39,4 хувь нь өндрөөс унах, бүдрэх, хальтрах, 16,6 хувь нь эд зүйлд хавчуулагдах, 16,1 хувь нь унаж байгаа эд зүйлд цохиулах гэсэн хүчин зүйлээс хамаарч байна.
Барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй ихэнхи аж ахуйн нэгж, байгууллага нь ХАБЭА-н хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлдэггүй, ХАБЭА-н ажилтан, алба, хэлтсийг зохих орон тоогоор ажиллуулдаггүй, орон тооны тогтвортой ажилчид байхгүй, олон чиглэлээр түр зуурын туслан гүйцэтгэгч авч ажиллуулдаг, ХАБЭА-н урьдчилан арга хэмжээнд шаардлагатай хөрөнгө зардал гаргадаггүй, ХАБЭА-н менежментийн тогтолцоо нэвтрүүлдэггүй зэрэг нь энэ салбарт үйлдвэрлэлийн осол гарах, улмаар ажилтны амь нас, эрүүл мэнд хохирох үндсэн шалтгаан болдог аж. Энэхүү арга хэмжээ нь барилгын салбарыг хөгжүүлэх, барилгын салбарт ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.