Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг 1992, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг 1997 онд баталсан. Үүнээс хойш аль аль хуульд нь 10 орчим удаа нэмэлт, өөрчлөлт оруулсныг эс тооцвол Цэцийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин 30 жилийн өмнөхөөсөө өөрчлөгдөөгүй байна. Уг нь эдгээрээс хамгийн томоохон бөгөөд дорвитой нь 2016 оны эхээр баталсан, “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санаачилсан” хэмээх тодотголтой нэмэлт, өөрчлөлт боловч Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Цэц заримыг нь хүчингүй болгочихсон. Тодруулбал, 2016 оны зургаадугаар сарын 17-нд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болж, Үндсэн хуулийн цэцийн, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн эцэслэн шийдвэрлэсэн билээ.
Өмнөх оных нь сүүлчээр тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дээрх төслүүдийг УИХ-д өргөн барьсан юм. Цэцийн гишүүдийн тэтгэвэрт гарахтай холбоотой хэд хэдэн зохицуулалт бүхий эл төслийн хэлэлцүүлгийн шатанд талууд багагүй сөргөлдөж байж УИХ уг хуулийг арай гэж баталсан түүхтэй. Гэвч ердөө хууль баталсны маргааш нь иргэн Д.Ламжав дээрх хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд хандсанаар тэд дунд, их суудлын хуралдаанаа даруй хийж, Х.Тэмүүжин гишүүний “автор”-тай нэмэлт, өөрчлөлтүүд үндсэндээ юу ч биш болсон түүхтэй.
Ийнхүү нэг талаас ардчилсан Үндсэн хуульдаа нийцүүлэн баталсан хуулиудаа нийгмийн өөрчлөлт, хөгжилтэй уялдуулан шинэчлэх, нөгөө талаас асар их шүүмжлэл дагуулдаг асуудлуудыг нь Цэцийг цэгцлэх замаар шийдвэрлэх шаардлага үүссэнийг хүлээн зөвшөөрснөөр олон он улирч, улиг болов. Үнэндээ Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг шинэчилнэ гэж сүүлийн хоёр парламент дамжин ярьсан ч хэрэгжүүлээгүй хүмүүс нь өнөөгийн эрх баригчид. Ингэхдээ Цэцийг хараат бус, бие даасан, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий түвшинд ажиллах боломж бүрдүүлнэ, олон улсын жишгийн дагуу шүүхийн хэлбэрээр хөгжих эрх зүйн орчныг бий болгоно, тус байгууллагад хандан гаргах гомдол, мэдээлэл, хүсэлтийн хүрээ, хязгаарыг тодорхойлно гэж Ардын намынхан амласан. Цаашлаад Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль нь хэт ерөнхий, зайлшгүй зохицуулах зарим харилцааг орхигдуулснаас дүгнэлт, шийдвэрт нь нөлөөлж байгааг өөрчлөн, дэгийг нь нарийвчилна гэлцэж байв. Тэд 2016 оны сонгуулиар олонх болсныхоо дараа Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг баталж, эл хоёр төслийг 2019 он гэхэд өргөн барих үүрэг өгсөн ч Засгийн газраас нь өргөн мэдүүлээгүй.
Ийнхүү нэг талаас ардчилсан Үндсэн хуульдаа нийцүүлэн баталсан хуулиудаа нийгмийн өөрчлөлт, хөгжилтэй уялдуулан шинэчлэх, нөгөө талаас асар их шүүмжлэл дагуулдаг асуудлуудыг нь Цэцийг цэгцлэх замаар шийдвэрлэх шаардлага үүссэнийг хүлээн зөвшөөрснөөр олон он улирч, улиг болов. Үнэндээ Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг шинэчилнэ гэж сүүлийн хоёр парламент дамжин ярьсан ч хэрэгжүүлээгүй хүмүүс нь өнөөгийн эрх баригчид. Ингэхдээ Цэцийг хараат бус, бие даасан, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий түвшинд ажиллах боломж бүрдүүлнэ, олон улсын жишгийн дагуу шүүхийн хэлбэрээр хөгжих эрх зүйн орчныг бий болгоно, тус байгууллагад хандан гаргах гомдол, мэдээлэл, хүсэлтийн хүрээ, хязгаарыг тодорхойлно гэж Ардын намынхан амласан. Цаашлаад Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль нь хэт ерөнхий, зайлшгүй зохицуулах зарим харилцааг орхигдуулснаас дүгнэлт, шийдвэрт нь нөлөөлж байгааг өөрчлөн, дэгийг нь нарийвчилна гэлцэж байв. Тэд 2016 оны сонгуулиар олонх болсныхоо дараа Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг баталж, эл хоёр төслийг 2019 он гэхэд өргөн барих үүрэг өгсөн ч Засгийн газраас нь өргөн мэдүүлээгүй.
Ингээд өнгөрсөн сонгуулиар УИХ-ын үнэмлэхүй олонхыг дахин бүрдүүлж, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай 12 тоот тогтоолд алх цохиж, эдгээр төслийг 2022 онд багтаан бэлэн болгохыг гүйцэтгэх засаглалынханд даалгасан ч биелүүлээгүй байгаа нь энэ. Харин дээрх хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг 2021 онд Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан бөгөөд ахлагчаар нь гишүүн Ц.Мөнх-Оргил ажиллаж буй. Бас л тухайн үед тэднийг төслөө цаг алдалгүй бэлэн болгож, хэлэлцүүлэхийг УИХ-ын удирдлагаас сануулж байсан ч өнөөг хүртэл өргөн барьсангүй. Нэгэнт парламентад өргөн мэдүүлээгүй байгаа тул ирэх хаврын чуулганаар хэлэлцэх нь юу л бол. Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрх үүгээр дуусаж, улстөржилтөөс ангид хууль тогтоомж батална гэдэг нь “үлгэр” болж байгаа учраас дараагийн парламентад үлдэх даалгавар байх биз.
Үндсэн хуулийн цэцийн дарга асан, академич Ж.Амарсанаа “Цэцийн хууль, эрх зүйн орчныг сайжруулна гэж парламент болгоноор ярьдаг ч хаячхаад л явчихдаг. Дараагийнх нь бас л ярьдаг. Хамгийн гол нь Цэцийг УИХ үгэндээ оруулах гээд байгаа юм” хэмээснийг эшилье. Ер нь өнгөрсөн үйл явцыг харвал эдгээр хуулийг шинэчлэх ажлыг мартаад, эсвэл зориуд дараад, үе үе “айлгах тактик”-таа ашиглаж ирсэн нь анзаарагддаг. Тухайлбал, 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн тухай хуулийг шинэчилсний дараа түүнийг хэрэгжүүлж эхлэх шатанд буюу 2021 оны намар Цэцийн шийдвэрийн улмаас саатал үүссэн байдаг. Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг томилох, сонгохтой холбоотой Шүүхийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэснээр эл үйл явц гацсан юм. Тухайн үед цар тахал, халдварын тархалтаас болж хаа сайгүй хөл хориотой байсныг хэлэх үү, УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн цэц цар тахлын нөхцөлд цахимаар хуралдах боломжгүй, эрх зүйн орчин байхгүй. Тиймээс холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах замаар асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй. Эдгээрийг намрын ээлжит чуулганы эхэнд хэлэлцэн баталснаар Шүүхийн тухай хууль бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ” хэмээгээд, Үндсэн хуулийн цэц болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаа мэдэгдсэн удаатай. Энэ нь Цэцийнхэн хугацаандаа хурлаа хийхгүй, санаачилгаараа товоо зарлахгүй бол хуулийг нь өөрчилж, цахимаар хуралдах эрх зүйн орчин бүрдүүлээд зогсохгүй өөр бусад асуудлаар нь оролдох бүрэн эрх бий гэдгээ УИХ-аас сануулсан хэрэг гэж хэлж болно.
Мөн 2022 оны наймдугаар сард зарласан ээлжит бус чуулганыг нээхдээ УИХ-ын дарга “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэж Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд тов тодорхой заасан. Гэтэл Үндсэн хууль нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж Цэц дүгнэж, хүчингүй болгох шийдвэр гаргасан нь ноцтой үр дагавар үүсгэж болох томоохон алдаа. УИХ ба Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн хууль зүйн чадамжийн харьцаа, цаашилбал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлыг Цэцээр хянан хэлэлцэхэд агуулга, хэлбэр, хамрах хүрээ, зааг хязгаар, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн орчныг эргэн харж, боловсронгуй болгох ёстой болжээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эдгээр хуулийг шинэчлэн найруулаагүй бөгөөд Цэцийн гишүүнийг санал болгох, томилох үйл явц нь хаалттай, ил тод бус, салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй, мэргэжлийн бус хүнийг томилдог, олон нийтийн санал бодлыг сонсдоггүй гэх мэт шүүмж гарсаар ирсэн” гээд Цэцийн эрх зүйн орчныг боловсронгуй болгохоо мэдэгдэж байв. Үндсэн хуульд 2019 онд оруулсан оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 39.1-т “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” хэмээн зааж, сайд нар “давхар дээл”-тэй байхыг хязгаарласан нь Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл санаа, тодорхой заалтуудтай зөрчилдөж байна гэж тухайн үед Цэц их суудлын хуралдаанаараа шийдвэрлээд байсан юм. Иймд УИХ ээлжит бус чуулган хуралдуулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын сацуу Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай гээд хэд хэдэн хуульд гар хүрсэн билээ.
Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн аль нэгэн заалттай холбоотой өргөдөл, мэдээллийг Цэцэд гаргалаа гэхэд хүлээж авдаггүй, маргаан үүсгэсэн ч унагаачихсан нь олон. Дээрх хуулиудад оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэцээс тус бүр гурав, нийт зургаан удаа гаргаж байснаас үүнийг харж болно. Цаашлаад Цэц өргөдөл, мэдээллийг хянан шалгахаас авхуулаад маргаан үүсгэх, эсэхийг шийдвэрлэхдээ хуульд бус, өөрсдийнхөө зохиосон дэгд нийцүүлсэн тохиолдол ч гарсан. Хуулиас давсан дэг үйлчлээд байгааг нь хуульчид шүүмжлэнгүүт өнөөх дэгээсээ татгалзаж, “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг шинэчлэх гэж байгаатай холбоотойгоор хүчингүй болгосон” хэмээсэн сурагтай. Энэ мэтээр хууль, эрх зүйн орчныг нь шинэчлэхгүй удааж, тодорхойгүй байдал үүсгэсээр байвал Цэцэд томилогдсон хэнбугайг ч хянах боломж алдагдаж, Үндсэн хуулийг манаж байгаа хүмүүсийг хэн манах вэ гэдэг том асуудал улам бүр даамжирна.