УИХ -ын гишүүн Э.Бат -Амгалан, Г.Амартүвшин, Т.Энхтүвшин нар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ -ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ -д өргөн мэдүүллээ. Тус хуулийн дагуу орон нутгийн ээлжит сонгуулийг тухайн сонгуулийн жилийн тавдугаар дугаар сарын 1-нээс өмнө товлон зарлах ёстой. Үүнийг баримтлан аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ -ын 2020 оны сонгуулийн санал авах өдрийг аравдугаар сарын 15-нд байхаар тогтоож байв. Мөн одоогийн хуулиар санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглож буй. Эл хугацааг зургаан сар болгон багасгахаар дээрх төсөлд тусгажээ. Тэд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ -ын сонгуулийн тухай хуулийг сайжруулах шаардлагатай, үүнийг хийхэд одоогийн хуулиар тавьсан цаг хугацааны хязгаар саад болж байна хэмээн үзэж төслөө боловсруулсан аж.
Харин орон нутгийн сонгууль явуулах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохдоо хуулиар зөвшөөрсөн сурталчилгааны арга хэлбэрийн тоо, хэмжээг 50 хүртэл хувиар бууруулах, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд нам, эвсэл, нэр дэвшигч, хөндлөнгийн хяналт, мониторинг хийх төрийн бус байгууллагуудын оролцоог хуульчлах, сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, эсэхээ шалгах, шаардлагатай бол гомдол гаргах хувилбарыг нэмэгдүүлэх, санал хураалтын үр дүнг 100 хувь гар аргаар давхар тоолох зэрэг зохицуулалтыг тусгах гэнэ. Тус төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм.
Бэлтгэсэн Б.Уран