Э.ДОЛГИОН Эдийн засагч, аюулгүй байдал судлаач
Чөлөөт зах зээлийн эдийн засаг. Энэхүү нэр томьёог бид маш их хэрэглэдэг атлаа өнгөц харсаар иржээ. Тэгвэл Хайман Мински чөлөөт зах зээлийн эдийн засаг нь хүн төрөлхтний түүхэнд тохиосон хамгийн чухал үйл явдал гэж хэлсэн байдаг. Яагаад гэвэл чөлөөт зах зээлийн эдийн засаг нь уламжлалт хэлбэрүүдийг халж, хувь хүний эрх мэдлийг чөлөөлсөн гэж үзжээ. Эдийн засгийн хямрал болох бүрт зөнч, үзмэрч хэмээн нэрлэгддэг, Америкийн эдийн засагч Хайман Филип Минскийн санаанууд нь агуу атлаа амьдрал нь тийм ч сонирхолтой биш. Мински 1919 онд АНУ-ын Чикаго хотноо Беларусийн цагаачийн гэр бүлд төржээ. Нью-Йорк хотноо дунд сургууль төгссөнийхөө дараа математикийн чиглэлээр бакалавр хамгаалахын тулд Чикагод буцаж ирсэн байна. Харвардад магистр, докторын ажлаа хамгаалахдаа энтерпренёршип ойлголтын эцэг гэгдэх Жосеф Шүмпетер, Нобелийн шагналтан Вассилий Леонтьев нарын удирдлагад судалгаа хийж байв.
80-аад оны үед ихэнх эдийн засагч санхүүгийн инновацыг дэмжиж, зах зээлийн зохицуулалтыг сулруулах хэрэгтэй гэж сурталчилдаг байлаа. Харин зожиг гэгддэг эдийн засагч Хайман Мински дээрх хоёр хүчин зүйл нь эцэстээ хямрал руу хөтөлнө гэж анхааруулж байсан юм. Тэрбээр “Тогтворгүй эдийн засгийг тогтворжуулах нь” хэмээх номдоо шинийг санаачлагчид, инноваторууд, ашгийн хойноос хэт улайрсан бизнесменүүд, санхүүгийн зуучлагч нар ямагт зохицуулагч нараас өмнө алхах болно гэж бичиж байлаа. Зах зээл нь аливаа нөөцийг үр ашигтай хуваарилах үүргээ ихэнх тохиолдолд сайн гүйцэтгэдэг хэдий ч хүн ардын амьдралд нөлөөлж байдаг тогтвортой байдал, шударга ёс зэрэг том асуудал нь төрийн бодлого, улс төрийн мэдэлд үлдэх ёстой гэж үздэг. Эдийн засгийн эцсийн өмчлөгч нь ард түмэн, тэдний сонгосон Засгийн газар болохоос биш, хувийн хэвшил, компаниуд биш гэнэ.
Дэлхийн санхүүгийн их хямрал 2008 онд болох үед Мински гэнэт л үзмэрч, зөнч байсан мэт болж таарав. АНУ-ын Холбооны нөөцийн банкны тэргүүн Жанет Иеллэн хүртэл 2009 онд бичсэн нийтлэлээ түүний ойлголтоор нэрлэж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараах үе буюу 1946-1966 он хүртэлх хугацаа нь Минскийн үзэж байгаагаар дардан өсөлт, харьцангуй тогтвортой байдлын үе байв. Санхүүгийн систем нь чанга, хямралд тэсвэртэй байж өсөн тэлж буй эдийн засгийг тэтгэж байжээ. Гэвч 1960-аад оноос зээлийн хүү, ажилгүйдэл, инфляц хурдтай өсөж эхлэв. Эрчим хүчний хямрал, хотжилт тэлэхийн хэрээр дампуурал газар авч байлаа. 1966 оны зээлийн хямрал 1970, 1974-1975, 1979-1980, 1982-1983 онд ээлж дараагаар үргэлжлэн, улам бүр тогтмол шинжтэй болж иржээ. Минскийн нотолж байснаар Америкийн санхүүгийн систем нь өөрийн сууриа эвдэх замаар алгуур өөрчлөгдөж, хямралд өртөмтгий болж байсан гэнэ. 1982 оныг санхүүгийн ертөнц байнгын савлагаанд орших болсон эрин үеийн эхлэл гэж тэрбээр тогтоожээ.
Минскийн онолын төв цэг-эдийн засгийн тогтолцоо нь байгалийн бус юм. Эдийн засаг нь нийгмийн байгуулал бөгөөд нэг бол хууль журмаар бий болдог, эсвэл хувьсан өөрчлөгдөж буй шинэ бүтээл, инновацын явцад үүсдэг. Төрийн байгууллага, институц урдах ажлаа л хийдэг, тэгвэл шинэ үзэгдлүүд шинэ институцийг шаардана, эсвэл байгаадаа зохих өөрчлөлт хийхээс өөр аргагүй. Кейнсийн үзэл санааны дагуу Мински нь институц (төрийн байгууллагууд, тогтолцоо) болон улс төр хамтдаа эдийн засгийн үр ашиг, нийгмийн шударга ёс, хувь хүний эрх чөлөө гэсэн гурван зүйлийг хангаж хамгаалах ёстой гэжээ.
Дайны дараа, Кейнсийн эдийн засгийн ноёрхлын үед тогтвортой болон эдийн засгийн чинээлэг байдлыг бий болгохын тулд хоёр чухал зүйл хэрэгтэй гэж үзэж байлаа. Нэгдүгээрт, халамжийн төр (Минскийн хэлснээр том төр) удаад нь, эцсийн зээлдэгчийн үүрэг гүйцэтгэх учиртай Төвбанк юм. Засгийн газрууд эдийн засгийн хамгаалалтын хөтөлбөрүүд (нийгмийн халамж зэрэг) болон төсвийн алдагдлыг нөхөх зорилго бүхий үнэт цаас (өрийн бичиг, бонд) гарган дэмжив. Төвбанкууд ч мөн адил системээ хамгаалах, улмаар тогтворжуулах олон арга хэмжээ авч байлаа. Эдгээр арга хэмжээний төлбөр нь харин инфляц байв.
1975 он хүртэл Америкийн Засгийн газраас нийгмийн халамжид зарцуулж буй хэмжээ нь бараа, үйлчилгээ худалдан авч буйгаас 20 хувиар илүү байжээ. Энэ нь түгшүүр төрүүлэм мэт байсан ч хэрэв тухайн үндэстний боломжит нийт орлогын тодорхой хэсэг нь хувийн хэвшлээс тусдаа байх юм бол эдийн засагт тогтворжуулагчийн үүрэг гүйцэтгэх болно. Учир нь хүмүүс юу ч тохиолдож байсан хамаагүй нийгмийн халамжийн мөнгөөрөө ямар нэгэн зүйл худалдаж авах байх. Мөн хямралын үед төсвийн мөнгө нь хувийн хэвшлийнхээс илүү гарах боломжтой, учир нь ажилгүйдэл өссөнөөр хувийн хэвшлийнхний худалдан авах чадвар буурдаг. Хэрэв Засгийн газар төсвийн алдагдлаар санхүүжүүлээд ч хамаагүй мөнгө зарцуулах боломжтой байвал уналтын үед ч гэсэн тогтвортой зарцуулах энэхүү боломжит орлогын ачаар компани, аж ахуйн нэгжүүд ашгаа хадгалж үлдэх төдийгүй өсгөж чадна. Их хэмжээний алдагдлыг автоматаар бий болгох чадалтай том төр нь аливаа эдийн засгийг доош чангаах “чөтгөрийн тойрог”-оос хамгаалах өндөр босго болно. Хувийн хэвшлийн болон өрхийн зээл өссөн өнөөгийн дэлхийд энэ нь маш чухал юм, учир нь аж ахуйн нэгжүүд, өрх гэрүүд дампуурахгүйгээр, төлбөрийн чадвараа хадгалан, өр зээлээ төлж дуусгах боломж олгох болно.
...Ашиг, хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулахын тулд хувийн хөрөнгө оруулалтад гарч буй хэлбэлзлийг Засгийн газар тэнцвэржүүлж чаддаг байхын тулд нийт эдийн засаг буюу дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 16- 20 хувьтай, эсвэл хувийн хэвшлийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээтэй тэнцэхүйц том байх ёстой гэж Минкси үзэж байв...
Минскийн баталснаар эдийн засгийн огцом сэргэлтийн дараа үүсдэг жинхэнэ сандрал, дефляц, хямрал нь өсөлтийн өмнөх үеийн эдийн засагт гарсан өөрчлөлтүүдийн адил чухал биш гэнэ. Түүний хэлснээр харьцангуй тайван өсөлтийн үе нь хонжоо хайсан баогцом (спекуляц) болж өөрчлөгдөх үед л тогтворгүй байдал үүсдэг байна. Хувийн хэвшлийнхэн эдийн засгийн өсөн нэмэгдэж буй ашиг, амжилтад ямарваа нэгэн хариу үйлдэл ямагт үзүүлж байдаг. Өсөлтийн гялбаанд харах чадвараа алдсан бүхий л төрлийн аж ахуйн нэгж өндөр эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулах нь ихэсдэг байна.
Санхүүгийн инновацууд нь капитализмыг тогтворгүйжүүлэгч хамгийн гол түлхүүр хүчин зүйл мөн бөгөөд аливаа эдийн засгийг эрүүл, алгуур байдлаас огцом хурдтай өсөлт рүү түлхэж байдаг. Санхүүгийн зах зээл нь бодит эдийн засгаас хэт хурдан эргэлдэж эхэлдэг байна. Огцом өсөлтийн үе нь хөрөнгө оруулалтын орчныг урт хугацааны тогтвортой төлөвөөс богино хугацааны ашиг хөөсөн хиймэл орчин болгон өөрчилдөг. Монголд тохиолдсон, тохиолдож буй зарим крипто хөөсрөл үүний нэгэн жижиг жишээ гэж харагдахуйц юм.
Өмнө нь зөвхөн биет бараа, бодит үйлчилгээг л санхүүжүүлж байсан зах зээл өргөжсөнөөр орчин үеийн эдийн засгийг илүү цогц, төвөгтэйн зэрэгцээ илүү их эрсдэлтэй болгосон байна. Кейнсийн ажигласнаар капиталист эдийн засаг нь эрсдэлийн түвшнийг тогтоосон тодорхой дүрмийн хүрээнд зээл авах, зээл олгох үйл явцад суурилж байдаг гэнэ. Гэвч Минскийн олж харснаар тэдний түүх нь, өөрөөр хэлбэл, амжилт олохын хэрээр компаниуд эрсдэлийн болгоомжлолоо бууруулж, анхаарлаа сулруулж байдаг аж.
Минскийн хувьд Кейнсээс өвлөн авсан нэг санаа бол аливаа зах зээл чухал биш ч олон асуудлаар шийдвэр гаргах, хуваарилахад хэрэгтэй сайн механизм мөн гэх. Гэхдээ шударга ёс, үр ашиг, тогтвортой байдлын хувьд тийм ч найдвартай биш. Минскийн хийсэн цочирдом гэмээр нэг дүгнэлт бол капитализм яагаад муу систем вэ гэхээр энэ нь капиталаа зөв маллаж чаддаггүйд гэжээ. Ашиг, хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулахын тулд хувийн хөрөнгө оруулалтад гарч буй хэлбэлзлийг Засгийн газар тэнцвэржүүлж чаддаг байхын тулд нийт эдийн засаг буюу дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 16-20 хувьтай, эсвэл хувийн хэвшлийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээтэй тэнцэхүйц том байх ёстой гэж Минкси үзэж байв. Тэрбээр мөн Төвбанк илүү идэвхтэй байх ёстой, учир нь мөчлөгийн тогтворгүй байдалтай тэмцэхийн тулд зөвхөн эцсийн зээлдэгч байх нь хангалтгүй бөгөөд банк санхүүгийн байгууллагуудын хувьсал хөгжлийг идэвхтэй удирдах ёстой гэж үзжээ.
Минскийн хэлснээр санхүүгийн инновацууд нь капитализмын үндсэн шинж тэмдэг болсон тогтворгүй байдлыг улам өдөөх гэнэ. Тогтворгүй байдал нь ажилгүйдэл, валютын ханшийн хэлбэлзэл, инфляц, дефляц, ядууралд хүргэх болно. Бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид татварын бодлогоо, бас Төвбанкны үйл ажиллагааг өөрчилье гэж шаардах боловч иймэрхүү арга хэмжээнүүд асуудлыг улам задалж үргүйдүүлэхээс өөр үр дүнгүй нь мэдээж.
Бодит даалгавар бол санхүүгийн системийг үндсээр нь шинэчлэхэд оршино. Гэсэн хэдий ч олон арван реформын үр дүнд өөрчилж чадсан тогтворгүй байдал хэсэг хугацааны дараа өөр хэлбэр, төрлөөр дахин дахин ирсээр байх болно гэж Мински анхааруулсан байдаг. Жинхэнэ тогтвортой капитализм бол бүтээлч эдийн засгийн хэрэгцээнээс илүү гарсан мөнгө, бас санхүүгийн зах зээлээс ямагт сэргийлж чаддаг тийм төр, засгийг шаарддаг аж. Эс бөгөөс хямрал нүүрлэсээр л байх болно гэж анхааруулсан байдаг.