Шахмал түлшний чанарын асуудал сүүлийн үед маргаан дагуулаад байна. Үүнтэй холбоотойгоор "Тавантолгой түлш" ХХК-ийн Ерөнхий технологич Х.Галымбекээс зарим зүйлийг тодрууллаа.
-Шахмал түлшний чанар стандартыг хэрхэн тогтоож, мөрдөж байгаа вэ?
-Агаарын бохирдлын гол үзүүлэлт нь түлшний шаталтаас гарах, агаар дэгдэж буй тоосонцор. Тухайн түлшинд агуулагдах дэгдэмхий бодис хэр өндөр байхаас хамаарч агаарт дэгдэх тоосонцрын хэмжээ өсөж, буурна. Нийслэлийнхэн өмнө Багануур, Налайх, Алга тогоо зэрэг газруудын түүхий нүүрсийг хэрэглэдэг байсан. Эдгээр түүхий нүүрсний дэгдэмхий бодисын хэмжээ дунджаар 40 орчим хувьтай байсан. Сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлснээр дэгдэмхий бодисын хэмжээ дунджаар 20 хувь болж буурсан. Тиймээс тухайн бодисыг хоёр дахин бууруулснаар, агаарын бохирдол төдий чинээ буурна хэмээх зорилт тавьж, түлшний стандарт батлуулаад хэрэгжүүлж эхэлсэн. 2019-2020 оны өвлийн улиралд гэр хорооллын өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангасны үр дүнд агаарт дэгдэх тоосонцрын хэмжээ 50 орчим хувиар буурсан.
-Өдгөө шахмал түлшний хэмжээ жижгэрсэн, чанар муудсан хэмээх иргэд мэдээлж буй. Танайхаас шахмал түлшний найрлагад өөрчлөлт оруулсан уу. Ямар нүүрс ашигладаг вэ?
-Сайжруулсан шахмал түлшийг 50мм-ийн голчтой үйлдвэрлэдэг. Түлшний хэлбэр хэмжээ чухал биш, бид өндгөн болон зууван төрлөөр үйлдвэрлэж байна. Түлшний 95 хувь нь эрчим хүчний баяжуулсан нүүрс, тав орчим хувь нь холбогч эд байдаг. Анх хэрэглэж эхэлсэн түүхий эд өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл "Энержи Ресурс" ХХК-ийн эрчим хүчний завсрын бүтээгдэхүүн буюу өөрийн гэсэн стандарттай баяжуулсан нүүрс.
Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн оны эхний сарын хуралдаанаар манайд хоёр даалгавар өгсөн. Нэгд, сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, хоёрт, түүнээс ялгарах хүхэрлэг хийг бууруулах. Энэ хүрээнд 2022-2023 оны халаалтын улиралд стандартдаа өөрчлөлт орууллаа. Өмнөх түлшний уугих хугацаа их, хаталт муу гэх гомдол гарсан. Иргэдээс түлшин дэх үйрмэгийн хэмжээг өөрчлөх хэрэгтэй гэдэг санал дагуу бид нэгдүгээрт, чийглэгийн хэмжээ 10 байсныг 6 хувь болгон бууруулсан. Түлш хатах тусмаа уугих хугацаа харьцангуй багасдаг.
-Шахмал түлшний чанарыг хэрхэн шалгадаг вэ?
-Сайжруулсан шахмал түлшний бат бөх чанарыг шалгахдаа 180 см-ийн өндрөөс унагаж, бутармаг хэсгийг нь авч шалгадаг байв. Харин шинэ стандартаар хоёр метрийн өндрөөс унагаж туршсан. Туршилтаар түлшний бутарч үйрэх нь багасаж, бат бөх байдал нь нэмэгдсэн нь батлагдсан. Мөн шахмал түлш үйлдвэрээс гараад, 5-6 удаагийн дамжилга ачилт, буулгалтаар хэрэглэгчид очдог. Нэг шуудайд агуулагдах үйрмэгийн хэмжээг 1,3 см болгон, шинэ стандарт тогтоож өгсөн. Энэ нь айл, өрхүүдийн зуухны ширмээр үйрмэг доошоо унахгүй байх хамгийн бага хэмжээ юм. Түлшний хэмжээ том, жижгээс үл хамаараад бутармаг хэсгийн хэмжээ 1.3 см-аас доош байвал үйрмэгт орно гэж заасан.
-Хүхэрлэг хийн хэмжээ бууруулахад ямар арга хэмжээ авсан бэ?
-Бид туршилт, судалгааны ажил хийсэн. Олон улсад түгээмэл ашигладаг шохойгоор хүхэрлэг хийг саармагжуулах шинэ төрлийн холбогч эдийг гаргаж авсан. Үүнийг магадлан итгэмжлэгдсэн лаборатариор баталгаажуулсны үндсэн дээр өнгөрсөн оны аравдугаар сарын 28-наас үйлдвэрт нэвтрүүлсэн.
Туршилтаар агаарт ялгарч байгаа хүхэрлэг хийн хэмжээ багадаа хоёр дахин, ихдээ дөрөв дахин буурах дүн гарсан. Энэ өвөл нийлүүлэх түлшний 20 хувийг энэ түлшээр бүрдүүлсэн. Ирэх жилийн хүйтний улиралд бүхэлд нь энэ түлшээр хангаснаар илүү үр дүнд хүрнэ гэж харж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн Цаг уур, орчны шинжилгээний газрын тайлан мэдээгээр хүхэрлэг хийн хэмжээ 50-60 микро граммаар буурсан дүн байна. Энэ өвлийн бэлтгэлийг өнгөрсөн оны дөрвөн сараас эхлүүлсэн.
-Засгийн газар тодорхой үүрэг чиглэл өгсөн. Хэрэгжилт нь ямар байна вэ?
-Загийн газар есдүгээр сарын 15 гэхэд 200 мянган тонн, түлшний нөөцтэй бай гэсэн даалгавар өгсөн. Бид 120 мянган тонн түлшийг бүрдүүлсэн байсан. Ийм учраас хүхэрлэг хийг саармагжуулах холбогч идтэй түлшээр бүрэн хангаж чадаагүй, ирэх жилээс бүрэн ашиглаж, илүү үр дүнд хүрнэ гэж найдаж байна.