Дадал сумын дунд сургуулийн сурагчид
Зөрөн өнгөрөх хүн бүртэй “Сайн байна уу”, “Өдрийн мэнд” гэж мэндлэх Хэнтий аймгийн хүүхдүүд эрдэм, мэдлэг өвөртлөн, эргээд нутагтаа л ирж амьдарна гэж ярьж байлаа. Цэнгэг агаар, цэвэр орчинд амьдрах нь сайхан ч тэднийг орон нутагтаа суурьших сэдлийг юу хамгийн ихээр сэдрээж байгаа нь сонирхолтой санагдав. “Тогтвортой хөгжлийн боловсрол II” (ТХБ-II) төсөлд хамрагдаад буй тус аймгийн Мөрөн, Дадал, Баян-Адарга сумын бага болон дунд сургуулийн сургалт, үйл ажиллагаа болон дэд төслүүдийн үйл явцтай танилцаж, тэдгээр хүүхдийн хүсэл, зорилгыг юу ийнхүү хөтөлж байгааг ойлгосон юм.
АЯЛАЛ МЭДЛЭГ ОЛГОДОГ
Аян замын эхэнд зочилсон Мөрөн сумын дунд сургуулийнхан дээрх төсөлд хамрагдаагүй ч олон улсын “Эко сургууль” хөтөлбөрийн стандартыг хэрэгжүүлж, сургуулийн орчин нөхцөлөө сайжруулснаас гадна хүүхдүүдийн хүмүүжил төлөвшилд ихээхэн анхаарч ажилладаг аж. Хүүхдүүд хогоо ангилан хаях, мод тарих, цэцэг суулгах замаар дан ганц сургуулиа бус, сумаа ногоон, эрүүл орчин болгоход хувь нэмрээ оруулж буй. Жишээлбэл, хогийг ангилан хаяснаар байгаль орчинд ямар ач тустайг мэддэг болсон тэд хэрэглэсэн ундаа, усны саваа цуглуулан, зориулалтын цэгүүдэд тушаадаг байна. Түүнчлэн байгальтай зөв харьцах, боловсон, “эко” аялах соёлыг нутагшуулахын тулд сургуулиас жил бүр намрын аялал зохион байгуулж, зургаан настайгаас эхлээд сургуулийн бүх хүүхэд түүхэн дурсгалт газруудаар зочлоход нэг өдрийг зарцуулдаг аж. Тухайлбал, энэ намар хүүхдүүд Дэлгэрхаан уулын өвөрт байрлах Балдан Бэрээвэн хийдэд очиж, танилцжээ. Аялалд явснаар үүх түүхээ мэдэхээс гадна байгаль дэлхийгээ ээж, аав шигээ хайрлан, хамгаалахад суралцсан хэмээн тавдугаар ангийн сурагч Д.Билгүүн сэтгэгдлээ хуваалцсан юм. Хүүхдүүд шинээр тохижуулсан номын сан, шатар, даамны танхимд цагаа өнгөрүүлж, эсвэл гадаа гар бөмбөг тоглох нь тэдний хувьд жаргалтай гэж ам уралдан ярьцгааж байв.
АМТТАН ЭРҮҮЛ, ЗӨВ ХООЛ БИШ
Дараа нь дээрх төсөлд хамрагдсан Чингис хотын “Тэмүүжин” цогцолбор сургуулиар зочлов. Тус сургууль анх 2018 онд ТХБ-I-т хамрагдаж, “Ундны усны зөв хэрэглээ” төсөл хэрэгжүүлсэн бол дараагийн шатныхад дахин шалгарчээ. Үүний хүрээнд “Эрүүл хүнс-энх амьдрал” төсөл хэрэгжүүлэн, сурагч, багш, эцэг, эхийн оролцоотойгоор дотуур байр, сургуулийнхаа гал тогоог аймагтаа жишиг болохуйцаар тохижуулан, зөв хооллолтын хэв маягийг хэвшүүлж чадсаны үр дүнд 16 багш, ажилтан, сурагч илүүдэл жингээ хассан байна. Мөн клубийн гишүүд өөрсдөө дэд төсөл боловсруулж, сургуулийн зоогийн газартаа богино долгионы зуух, ус буцалгагч байрлуулан, хүүхдүүдэд эрүүл, зөв дадал хэвшүүлж байгааг “Эко” клубийн ахлагч, 11 дүгээр ангийн сурагч Н.Сарнай ярилаа. Хүүхдүүд гэртээ хоолоо бэлтгэн авчирч иддэг болсноос гадна дэлгүүрээс чихэр, шоколад зэрэг амттан авч идэх нь багассан үр дүн гарсныг тэрбээр тодотгосон юм. Сургуулийн захирал М.Золзаяа тогтвортой хөгжлийн боловсрол гэдэг нь зөв амьдрах ухаан гэдгийг онцлоод, эцэг, эхчүүдэд үүнтэй холбоотой мэдээлэл, ойлголтыг сар бүр хүргэснээр эрүүл, зөв хооллох эрмэлзэлтэй аав, ээжүүдийн тоо 10.8 хувиар нэмэгдсэн гэнэ.
Үүнээс гадна хүүхдүүд хог хаягдлаа бууруулан, ус, эрчим хүчээ зөв зохистой ашиглаж, алдагдал, үргүй зардлыг багасгах чиглэлээр ажиллаж байгаа аж. Тухайлбал, сарын нэг өдөрт тодорхой цагийн турш цахилгааны хэрэглээгээ зогсоож, эрчим хүчээ хэмнэхэд суралцжээ. Энэ дадал зуршлыг хүүхдүүд зөвхөн сургуулийн орчинд бус, гэртээ хэрэгжүүлж байгааг “Эко” клубийн гишүүд дурдсан юм.
Хүүхэд бүрт хүртээмжтэй, тэгш боловсрол олгох нь тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг. “Тэмүүжин” сургуульд зорилтот бүлгийн 13 хүүхэд суралцдагаас гурав нь тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй аж. Гэвч тэдгээр хүүхдийн саад бэрхшээлгүй зорчих, суралцах бололцоо, орчин нөхцөл тус сургуульд хараахан бүрдээгүй байлаа. Тухайлбал, наймдугаар ангийн сурагч Б.Уянга тэргэнцэртэй зорчиход хүндрэлтэй байдаг тухайгаа ярьсан юм. Түүнийг шатаар өгсөхөд ангийн найзууд нь тусалдаг ч байнга тусламж гуйх хэцүү санагддаг тул хичээлээс гадуурх үйл ажиллагаануудад оролцож чаддаггүй гэнэ. Энэ талаар сургуулийн захирлаас лавлахад “Тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хоёр нь таягтай, нэг нь тэргэнцэртэй. Бас сонсголын бэрхшээлтэй гурван сурагч бий. Нэг сурагчийг нэг багшид даатгаад явдаг. Сургууль руу орж, гарахад зориулалтын замтай болсон. Хамт олон нь тэдэнд их тусалдаг” хэмээн тайлбарлалаа.
“Тэмүүжин” цогцолбор сургуулийн зоогийн газар
ХООЛНЫ ҮЛДЭГДЛЭЭР БОРДОО ХИЙХ САВ БҮТЭЭХ НЬ
Харин Дадал сумын ерөнхий боловсролын сургууль ТХБ-II төсөлд шалгарч, нутгийн онцлогтоо тохируулан “Ирээдүйн хөтөч” дэд төслийг буриад нутгийн өв уламжлал, аж ахуй, хувцас хэрэглэл, Монголын түүх, соёлыг хүүхдүүддээ сурталчлан танилцуулах зорилгоор хэрэгжүүлж буй аж. Тодруулбал, буриад хувцас, хэрэглэлээ өмсөж зүүсэн сурагчид Дэлүүн болдог, Түнхэлэг горхи, Боданчирын өвсөн эмбүүл, Гэнэнпил хатны гэрийн буурь зэрэг Дадал нутгийн байгалийн үзэсгэлэн бүрдсэн, түүхэн есөн брэнд “бүтээгдэхүүн”-ийг жуулчдад тайлбарладаг шигээ бидэнд хөтөчлөн танилцуулсан юм. Уг дэд төслийн хүрээнд бүх багш, ажилтан, сурагч өөрсдийгөө “...дээд тэнгэрээс заяатай Бөртэ чоно, Гоо маралын удам, тэнгэрлэг заяатай...” гээд өөрөөс дээш мэдэх бүх үеэ танилцуулан нэрээ хэлдэг өвөрмөц содон уламжлалтай болжээ. Энэ нь жижиг зүйл мэт боловч хүүхдүүд өөрсдийн үндэс угсаа, өвөг дээдсээ мэдэх, цаашлаад цус ойртохоос сэргийлэх үр өгөөжтэй ажил гэж үзэж болох юм. Сургуулийн нийт 647 хүүхэд, 400 гаруй эцэг, эх, сумын 200 орчим иргэнд уг дэд төсөл хүртээмжтэй байж чаджээ. Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд цаашид зөвхөн сурагчдад бус, эцэг, эх, багш, ажилтнуудад нөлөөлөн, тэдний оролцоог хангасан цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж.
Харин Баян-Адарга сумын сургуулийн багш, сурагчид ТХБ-II төслийн хүрээнд сумаа хоггүй, цэвэр цэмцгэр болгохыг зорьж, “Цэвэр цэмцгэр бидний орчин” төслийг амжилттай хэрэгжүүлж, сумын төвдөө аюултай хог хаягдлын тусгай сав байршуулан, хаягдал батарей, савны бөглөө цуглуулж эхэлжээ. Тухайлбал, сүүлийн гурван сар багш, сурагчид нийлээд 350 ширхэг хаягдал батарей, гурван шуудай бөглөө цуглуулсан байна. Сургалтын менежер Д.Шүрэнцэцэг хэлэхдээ “Хүүхдүүд гэлтгүй бид хүртэл хог дахин боловсруулах аргад суралцаж байгаа. Багш нар цаасны хэрэглээг бууруулж, аль болох хаягдал гаргахгүйгээр ажиллаж сурсан. Хуванцар савыг дахин боловсруулдаг ч бөглөө нь хаягддаг тул бид үүнийг хэрхэн ашиглаж болох талаар судалж байгаа” гэв. Мөн “Ногоон төгөл” дэд төслийн хүрээнд сургуулийн “Эко” клубийн сурагчид илүү гарсан хоолны үлдэгдлээр бордоо хийх сав өөрсдөө бүтээж, одоогоор туршиж байгаа аж. Түүнчлэн англи хэлний багш Г.Ариунаа “Бүтээлч охид” дэд төслийг удирдан, сурагчдын хамт хаягдал, илүүдэл материалаар цүнх, гутлын улавч, номын хавчуурга, хавтас, зүүний хатгуур, малгай, бээлий хийдэг байна.
Дээрх сургуулиуд өөрсдийн онцлогтоо тулгуурлан дэд төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, үр дүнд хүрч буйгаас гадна ногоон орчин бүрдүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, хүүхдүүдийн хүмүүжил төлөвшилд анхааран ажиллаж байгаа нь сайшаалтай. Тиймээс ч төслийн үр дүн эхнээсээ гарч байгаа нь цаашид тогтвортой хэрэгжүүлэх үндэс суурь болж буйг сургуулийн удирдлага, багш, ажилтнууд тодотгож байв.
Хүүхдүүд орон нутагт, ялангуяа сумдаа тайван, эрүүл орчинд амьдрах, боловсрох боломж ийнхүү бүрдэж буй нь сайхан. Тэд төрөл бүрийн клубүүдийн үйл ажиллагаанд оролцож, ном уншин, даам, шатар, оньсон тоглоом тоглон, чөлөө цагаа өнгөрүүлж, ирээдүйдээ итгэл дүүрэн суралцаж байгааг харахад тэд орон нутагтаа, Хэнтийдээ амьдрах чин хүсэлтэй байх нь аргагүй мэт.
Дээрх төсөлд шалгарсан хот, хөдөөгийн нийт 30 сургууль орон нутгийн төсвийн сан болон төслийн хүрээнд тус бүр 7.5 сая төгрөг буюу нийт 15 сая төгрөгөөр үндсэн, бас дэд төсөл хэрэгжүүлж буй. Энэ жишгийн дагуу хүүхдийг сурган хүмүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг бүх сургууль хэрэгжүүлж чадвал тэдний ирээдүйд тус болоод зогсохгүй манай улсын хөгжлийн хамгийн том суурь нь болох биз ээ.
Бэлтгэсэн И.Мишээл