Баянзүрх дүүргийн I хорооны нутаг дахь РЦНК-гийн өмнөх талбайд “Барилга барина, бариулахгүй” гэсэн асуудал хэд хоног яригдаж байна. Уг газрыг эзэмшигч компани барилгын ажил эхлүүлэх үйл явцтай холбоотой зөвшөөрлүүдээ хүлээсээр 10 гаруй жилийг үджээ. Харин тухайн үед хамт газар эзэмших зөвшөөрөл авсан компаниуд хэдийн барилга, орон сууц барьж ашиглалтад оруулаад байгаа юм. Тус газрыг эзэмшигч компанийн барилга барих зөвшөөрлүүд өнгөрсөн жилээс нааштай шийдэгдэж, ажлаа эхлүүлэх гэсэн ч мод сүйтгэсэн асуудлаар дахин гацаанд оржээ. Ер нь уг газрыг авахаар шунадаг нөхөд барилга бариулалгүй, зөвшөөрлийг нь гацаасаар өнөөдрийг хүрсэн байдаг. Энэ удаад ч нам дамнасан, нэр бүхий улстөрчид “тэмцэл” зохион байгуулж байж болзошгүй байна.
Уг арга хэмжээ нь маш нарийн төлөвлөлт, зохион байгуулалттай гэдгийг иргэн Э болон түрүүлж баригдсан орон сууцын оршин суугчид мэдэхгүй байгаа аж.
Тэр ч байтугай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ч тэрхүү “тоглолт”-д орчихсон тууж явна. Уг нь тэрбээр чиг үүргийн хамааралгүй. Энэ нь хотын даргын эрх хэмжээний ажил юм. Нө гөөтээгүүр, энэ нь хувийн хэвшилд шууд халдаж байгаа хэрэг. Яг иймэрхүү кэйс дээр өнгөрсөн зун, зургадугаар сарын эхээр чуулган дээр эрхэм гишүүд “Төр зөвшөөрснөөсөө бусдыг чөлөөтэй явуулах ёстой. Аж ахуйн нэгжүүд хориглосноос бусад бүх зүйлийг хийх боломжтой. Төр маш олон зүйл рүү дайрч орж байна. Хөтөлийн “Цемент шохой”-г булааж авсан. Гэтэл одоо тус компани цементээ нийлүүлэхээ больсон. Хөгжлийн банкны асуудал байна. “Бэрэн” компани Монгол Улсын хийж чадахгүй байгаа төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэх гээд явж байхад захирлыг нь хорьчихдог. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс орлого олох боломжийг хааж байна. Монголын аж ахуйн нэгжүүд хохирч байна. Дулааны аргаар боловсруулсан мах ойролцоогоор 20 мянган төгрөгийн үнэтэй, чанартай мах. Яс, өөхийг нь ялгасан мах байдаг. Үүнийгээ экспортолж, 100 гаруй сая ам.долларын орлого олох боломжтой. Энэ махыг хэрэглэдэг монгол хүн байхгүй. Төр бизнесийн үйл ажиллагаанд хэтэрхий оролцож, цахим сүлжээний дүйвээнд хэтэрхий автаж байгаа нь үнэхээр хариуцлагагүй үйлдэл. Цаашдаа төр, засаг бизнес, хувийн хэвшил рүү дайрвал бүгд коммунизм, социализм руугаа орно. Энэ талаар парламентаас тодорхой санаачилга гаргах ёстой. Хамаг орлогыг олдог бизнес рүү дайрч төрд авдаг зохицуулалтад орвол эцэстээ төсөв орлогогүй болох нөхцөлд орно. Төрийн өмчит 390 компани бүгд алдагдалтай ажилладаг, хулгай дээрмийн нөхцөл байдалтай. Гэтэл хувийн хэвшлээ дээрэмдэх маягаар ажиллаж байна” гэж шүүмжилж байв. Гэхдээ одоо Засгийн газар хувийн хэвшлийн үйл ажиллагаанд ийм байдлаар халдахгүй байх бодлого барьж буй аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар “Монголын эдийн засгийн чуулган-2022” чуулганыг нээж үг хэлэхдээ “Төр бол хязгаарлагч хүчин зүйл биш байна гэдэгт Засгийн газар манлайлал үзүүлж ажиллана. Төр, хувийн хэвшлээ хязгаарладаг биш, дэмждэг, тусалдаг байх болно. Төр дангаараа бүхнийг бүтээж чадахгүй, хувийн хэвшилд ашигтай төслүүдэд төр оролцохгүй. Харин хязгаарлагч хүчин зүйлсийг нь шийлдвэрлэхэд төр дэмжлэг үзүүлнэ. Бусдаар иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид энэ бүх төсөл, арга хэмжээг бодит хэрэг ажил болгоно” гэсэн. Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан саяхан “Уул уурхайн долоо хоног-2022” чуулга уулзалт дээр “Төр нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд, нөгөө гараараа хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлээ дарамталж болохгүй” гэж мэдэгдсэн.
Нөгөө талаар тухайн газарт ямар бүтээн байгуулалт өрнүүлэх гэж байгаа талаар зураг төсөл, компани аж ахуйн нэгжүүдийн зардал чирэгдлийг огт тооцохгүйгээр шийдвэр гаргах нь “төрийн нэр барьсан дээрэм” л болно. Манай саяхны түүхэнд ийм гашуун жишээ бий. Ердөө долоо, найман жилийн өмнө ерөнхий прокурор нөхөр нэр бүхий таван компаниас 40 гаруй сая ам.доллар дээрэмдсэн нь саяхан ил болсон. Одоо төр, засаг, хууль хяналтынхны гол ажил болоод байгаа “стратегийн төслүүдийг гацааж, түүнээс болоод алдагдсан боломжийг буцааж нөхөх” гэдэг ч энэ мэт үйл ажиллагаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, цахим сүлжээ нь сүүлийн үед ийм тархи угаах, нөлөөлөл үзүүлэх PR ажиллагааны гол хэрэгсэл болсон. Тэгэхээр цахим сүлжээний “сэвэлт”-д, зарим улстөрч, тэр дундаа нам дамжсан улстөрч, бизнесменүүдийн цацсан PR-т автах, эсэхэд төр ул суурьтай хандах хэрэгтэй. “Олон нийтэд таалагдах” зорилгын хүрээнд элдэв шийдвэр гаргах нь буцаад 30 жилийн өмнөх рүүгээ ухарч байгаатай агаар нэг юм.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ