Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, “Буянт-Ухаа” нисэх буудлын байрны зарим хэсэгт Инновацын төв байгуулахаар шийдвэрлэлээ. Тус төвд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, харьяа байгууллагуудыг нь нүүлгэн шилжүүлэхтэй холбоотойгоор дэд бүтэц, засвар, үйлчилгээнд шаардагдах зардлыг улсын төсөвт суулгахыг Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгав. Улмаар тэнд Мэдээлэл, технологийн үндэсний паркийн үйл ажиллагааг өргөжүүлж, “Монголын цахиурын хөндий” чөлөөт бүс бий болгоно гэж Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлсэн юм.
Энэ өдөр зарим Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, холбогдох Ажлын албаны орон тоог баталлаа. Тодруулбал, Боомтын сэргэлтийн үндэсний хороо 10 гишүүнтэй, Ажлын алба нь таван орон тоотой байх нь. Хилийн боомтын захиргааны дарга нь тус хорооны нарийн бичгийн даргаар ажиллах аж. Харин Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо 32 гишүүнтэй, Ажлын алба нь зургаан орон тоотой байна. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар эл хорооны нарийн бичгийн дарга юм. Түүнчлэн Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороог 14 гишүүнтэй, Ажлын алба нь таван орон тоотойгоор батлав. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга, нарийн бичгийн дарга тус албыг хариуцан ажиллана.
Мөн төрийн гүйцэтгэх тодорхой чиг үүрэг, ажил, үйлчилгээг сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль, журмын дагуу хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг төсвийн ерөнхийлөн захирагч нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болгожээ. Энэ талаар сайд Д.Амарбаясгалан мэдээлэл хийсэн бөгөөд “Цаашид Засгийн газар хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, төрийн оролцоо, хүнд суртлыг үе шаттай бууруулахад чиглэсэн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ” гэв. Энэ өдөр мэргэжлийн хяналтын чиг үүргийг шилжүүлэх талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулсан юм байна. Энэ талаараа тэрбээр “Мэргэжлийн хяналтын байгууллага одоогийн хууль тогтоомжийн хүрээнд 26 салбарын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байна. Үүнээс гадна 12 байгууллага мэргэжлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд улсын байцаагчийн эрхийг МХЕГ-аас олгодог. Энэ нь оновчтой биш байгаа тул салбарын яам, агентлаг, Засаг дарга, мэргэжлийн холбоодод чиг үүргийг шилжүүлэх нь зүйтэй. Ингэснээр хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг хангуулах ажил үр дүнд хүрч, хариуцлага нь буух эзэнтэй болж, улсын байцаагч нар нь салбартаа мэргэших ач холбогдолтой. Төрийн хяналт, шалгалтын болон холбогдох 120 орчим хууль, тогтоомжид өөрчлөлт оруулна” хэмээлээ.
Үүнээс гадна албан байрандаа мөрийтэй тоглоом тоглосон үндэслэлээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.
Бэлтгэсэн У.Наран