Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээг батлах тухай Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 7-ны 195 дугаар тогтоолд үндэслэн Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас гадаадад суугаа ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газруудад мөрдөх тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсийг ам.доллароор тогтоож, суугаа орны валютаар тооцон хөрвүүлж мөрдүүлэх, ингэхдээ өмнөх сарын дундаж ханшийг мөрдөхөөр заажээ. Япон дахь Монгол Улсын ЭСЯ үүнээс хойш (өнгөрсөн оны есдүгээр сар) ам.доллар, иен хоорондын ханшийн зөрүү төдийлөн үүсээгүйг харгалзан консулын үйлчилгээний хураамжийг нэмэлгүй, тогтвортой байлгаж иржээ. Гэвч сүүлийн гурван сард ам.долларын иентэй харьцах ханш огцом өөрчлөгдсөнтэй холбоотойгоор дээрх ЭСЯ-наас цаашид консулын үйлчилгээний хураамжийг сард нэг удаа шинэчлэн тогтоож байхаар болсноо мэдэгдлээ. Шинэ тарифыг ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөх бөгөөд иргэд үйлчилгээ авахдаа албан ёсны цахим болон фэйсбүүк хуудаснаас тухайн сарын тарифыг сайтар нягталж, төлбөрөө дутуу өгөхгүй байхад анхаарахыг Консулын хэлтсээс нь мэдээллээ.
Бэлтгэсэн Б.Сонор