Эрх баригч МАН-ын нэр хүндэд халдаж, гүтгэсэн хэрэгт яллагдагчаар татагдсан Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох хэргийн шүүх хурлыг өчигдөр 11.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлосон боловч бас л хойшлууллаа. Өмнө нь нэг бус удаа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн итгэмжлэлтэй, хохирогч тус намын хууль ёсны төлөөлөгчийг оролцуулах шаардлагатай гэж шүүх үзсэнээс хойшлуулж байсан юм. Энэ удаа ч бас хохирогч гэгдэх МАН-ын хууль ёсны төлөөлөгч нь ирээгүйгээс ирэх сарын 5-ныг хүртэл хойшлуулсан байна.
И.Мөнхжаргал “АН-ын дотоод асуудалд МАН төрийн байгууллагуудаар дамжуулан оролцож байна, үүнийгээ зогсоо” гэж хэлсэнтэй нь холбогдуулан эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын Д.Амарбаясгалан “МАН-ын нэр хүндэд халдсан” хэмээн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст гомдол гаргасан байдаг. Улмаар тус дүүргийн Прокурорын газраас И.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн 13.14-1-т заасан “Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.
Бэлтгэсэн Г.Орчлон