УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар БНХАУ-ын Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал (БХАТИХ)-ын байнгын хорооны дарга Ли Жаньшу албан ёсны айлчлал хийж буй. Өчигдөр тэд албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Гашуунсухайт-Ганц мод боомтыг төмөр замаар холбосноор төмөр замыг зохицуулах хэлэлцээр байгуулах шаардлага үүсэх учир үүний хүрээнд 1955 оны МонголХятадын хилийн төмөр замын хэлэлцээр зэрэг холбогдох баримт бичгийг шинэчлэн байгуулах, нэмэлт, өөрчлөлт хийх ажлыг эхлүүлэхэд БХАТИХ-ын зүгээс анхаарал хандуулж ажиллахыг хүслээ. Мөн 2014 онд байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг БХАТИХ аль болох хурдан соёрхон батлах санал тавив. Түүнчлэн Монголоос Хятадад экспортолж буй нүүрсний хэмжээг 2022-2025 онд жил бүр 40-70 сая тонн байлгах квотыг харилцан тохиролцож, худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулан, үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох гэрээг сунгах хүрээнд своп хэлцлийн өрийг хөнгөлөх саналтай байгаагаа хэллээ. Байнгын хорооны дарга Ли Жаньшу эдгээр хүсэлтийг чухалчлан үзэж, дэмжин ажиллахаа илэрхийлэв.\
Бэлтгэсэн Б.Уран