2020 онд цар тахлын улмаас өнжсөнийг эс тооцвол сүүлийн найман жилийн турш олон улс орны төр, засгийн болон бизнесийн байгууллагын төлөөлөгчид жил бүрийн есдүгээр сард ОХУын Алс Дорнодын Русский аралд чуулав. Цар хүрээ, үр дүн нь жилээс жилд өсөн нэмэгдэж буй Дорнын эдийн засгийн VII чуулганд 40 гаруй улс орны 4000 орчим удирдагч, бизнесийн төлөөллийнхний хамт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоод ирлээ. 2018 онд болсон IV чуулганд манай улсын Төрийн тэргүүн оролцсон бөгөөд 60 улсын 6000 орчим төлөөлөгч тус аралд хүрэлцэн ирсэн нь хамгийн өндөр дүн юм. Дөрвөн жилийн өмнөх эл үзүүлэлтэд энэ удаа хүрээгүй ч дайн, цар тахал гээд олон улсын хувьд амаргүй цаг үед ийм тооны хүн Владивостокийг зориод очсон нь чамлах зүйл биш. Өмнө нь дандаа Ерөнхийлөгчийн түвшинд оролцож ирсэн эл чуулганыг сая Засгийн газрын тэргүүн ахлан оролцохдоо ч чамлахааргүй үр дүнд хүрлээ.
Тодруулбал, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан бүс нутгийн ач холбогдолтой боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ VII чуулганы нэгдсэн хуралдааны индрээс ч, хоёр талын уулзалтуудын үеэр ч танилцуулж, хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцохыг урьсан юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дэвшүүлж буй томоохон 47 төслөөс эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх Эрдэнэбүрэн болон Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хоёр хөрштэйгөө хамтарч урагшлуулах бүрэн боломжтойг дурдаж байлаа. Эрдэнэбүрэнгийн болон Эгийн голын цахилгаан станцын төсөл бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас эрчим хүчний салбарт эхний ээлжид зүтгүүлж буй зорилт гэж хэлж болно. Дээрх 47 төслөөс 30 орчим хувь нь эрчим хүчнийх Эрдэнэбүрэнгийн тухайд өнгөрсөн сард манай улсад хийсэн Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр тодорхой ахиц гаргаж, урагшлуулаад буй. Тиймээс сая “Эгийн голын усан цахилгаан станц” төслөө өвөртлөн хойд хөршийг зорьсон хэрэг. Үр дүнд нь ОХУ-ын талаас Эгийн голын усан цахилгаан станцын төсөл болон “ДЦС-З”-ын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Хамгийн гол нь олон жил гацсан “Эгийн голын усан цахилгаан станц” төсөлтэй холбоотой асуудлыг НҮБ-тай хамтран шийдвэрлэж, мэргэжлийн шинжээч, судлаачдын баг гаргаж ажиллуулан, Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөцөд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, эцэслэхээр тогтлоо.
Бараг 30 жилийн өмнө анх Засгийн газраас 220 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барихаар шийдвэрлэж байсан ч Эгийн голынхыг барих тухай албан ёсны тогтоолыг 2013 онд гаргасан түүхтэй. Харин 2014 уг станцыг 315 МВт-ын хүчин чадалтай байхаар техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж, 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барилга угсралтын ажлыг нь эхлүүлсэн ч ОХУ НҮБын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар гацсан юм. Манай талаас судалгаа хийж, уг төслийг хэрэгжүүлснээр Сэлэнгэ мөрөн, ОХУ-ын Байгал нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гаргасан ч хайхраагүй. Өдгөө дахин манайхаас олон улсын тендер зарлаж, Францын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж буй бөгөөд ирэх сард дүн нь гарна. Хойд хөршийн зүгээс өмнө нь тоймтой хариу өгдөггүй, байр сууриа тодорхой илэрхийлдэггүй, ер нь энэ сэдвийг хөндөхөөр “хөндүүрлэдэг” байсан бол энэ удаа олон улсын судалгаа, үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөхөө илэрхийлсэн хэрэг. Тэднээр ингэж хэлүүлж чадсан нь онцлох үр дүн юм. Улмаар дээрх судалгааны дүнг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны хуралд танилцуулан шийдвэрлүүлж, Эгийн голын усан цахилгаан станцын төслийг үргэлжлүүлэх итгэл Ерөнхий сайдад бий.
Учир нь Дэлхийн өвийн хорооны 46 дугаар чуулган ирэх онд болох бөгөөд Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх энэ төслийн ирээдүйг нааштайгаар шийдвэрлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэхийг өнгөрсөн сард манай улсад айлчилсан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришээс Ерөнхий сайд хүссэн. НҮБ ч энэ асуудалд бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд буй.
Түүнчлэн байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийг идэвхтэй хамтран хэрэгжүүлж, 2029 онд ашиглалтад оруулахаар ярилцав. 2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулга тус чуулганд оролцож ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай уулзах үеэрээ Орос, Хятадыг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан тавих талаарх саналаа аанай л уламжилж явсан түүхтэй. Ингэхдээ энэ чиглэлээр хамтран ажиллахад хэзээд бэлэн гэдгээ илэрхийлж, хууль, эрх зүйн баталгаатай орчин бий болгохоо хэлж байлаа. Харин өнөөдөр дээрх хоолойг хэзээ ашиглалтад оруулах талаар Ерөнхий сайд тодорхой тоо, он тойрч ярих хэмжээнд хүрэв. Зөвхөн Монголын талын хүсэл, санаа төдий байсан эл асуудлыг өнөөдөр олон улс онцлох хэмжээнд хүрсэн нь сайн хэрэг. Чуулганы үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер бараалхаж 962 км урттай дээрх хоолойн төслийн талаар мэдээлэл солилцсон юм. Монгол, Оросын хамтарсан ажлын хэсэг ажлаа хуваарийн дагуу, цаг тухайд нь хийж, гүйцэтгэх бүх талын боломжийг ханган ажиллаж буйд “Газпром” компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт талархаж буйгаа илэрхийлж, бүс нутаг дамнан хэрэгжих эл төсөл нь харилцан ашигтай байна гэдэгт итгэж буйгаа хэлнэ лээ.
Мөн манай зүүн босоо чиглэлийн төмөр замын төслийг ОХУ дэмжихээ илэрхийлсэн нь гүйцэтгэх засаглалын тэргүүний тус чуулганаас ганзагалсан үр дүнгүүдийн нэг байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхах үеэр Монгол Улстай хамтран “Улаанбаатар төмөр зам”, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн, цаашид ч харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ОХУ-ын Төрийн тэргүүн онцолсон юм. Манай Засгийн газраас баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын сүлжээг тэлэх зорилго тавьж, төмөр замын бүтээн байгуулалтын төслийг эрчимжүүлэн ажиллаж байгаагаа дурдахын сацуу зүүн босоо чиглэлийнхийг богино хугацаанд үр өгөөжөө өгөх тул эхлэл нь байх ёстой гэж үзэж буйгаа Ерөнхий сайд илэрхийлсэн билээ. Түүнчлэн “Богдхан” төмөр замын төсөлд “Оросын төмөр замууд” НХН-тэй хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн юм. Уг төслийн ач холбогдол нь Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, аюултай ачааг хот дундуур тээвэрлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж буй. Жил гаруйн өмнө эл төслийн нээлтийг хийсэн бөгөөд ОХУ-тай яриа хэлцэл хийж байгаа, “Богдхан” нь “Улаанбаатар төмөр зам”-ын бүрдэл хэсэг байх учиртайг Ерөнхий сайд онцолсныг сануулъя.
Үүнээс гадна ОХУ-тай нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар тодорхой тохиролцоонд хүрч, АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэйгөөр худалдан авахаар тохиров. Хойд хөршөөсөө газрын тосны бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг импортолдог манай улсын хувьд автобензин, дизель түлшний үнэ хийгээд хангамжийн талаар ийм тодорхой шийдэлд хүрсэн нь сайн хэрэг.
Бэлтгэсэн Б.Уран