Ираны Хувьсгалт харуулын корпусын байлдааны хөлөг онгоцууд Персийн булан дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хоёр онгоцонд "аюултай өндөр хурдтайгаар" ойртсон тухай Washington Posrt сонин эх сурвалжаас иш татан мэдээлэв.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний эргүүлийн USS Sirocco хөлөг онгоц болон Америкийн өндөр хурдны цэргийн тээврийн USNS Choctaw County хөлөг онгоцны хамт Персийн булангийн олон улсын дундын бүс рүү орж байх үед Ираны байлдааны гурван хөлөг онгоц тэднийг чиглэн хөдөлж эхэлжээ. АНУ-ын эргүүлийн хөлөг дуут сануулга өгөх үед л тэд чиглэлээ өөрчилсөн гэж тэмдэглэжээ.
Ираны хөлөг онгоцууд USNS Choctaw County тээврийн хөлөг онгоцонд 46 метр орчим зайтай ойртож очсоны дараа Америкийн тал анхааруулах гал нээсэн хэмээн мэдээллээ.
Уг үйл явдал нэг цаг орчим үргэлжилсэн байна.
Ираны талын энэ үйлдэл "далайд мэргэжлийн болон аюулгүй байдлын олон улсын стандартад нийцэхгүй" бөгөөд мөн цэргийн мөргөлдөөнийг өдөөж болзошгүй байлаа гэж АНУ-ын Төв командлалын хэвлэлийн төлөөлөгч Жозеф Бучино хэлэв.