Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаа энэ сарын 27-нд товложээ. Энэ нь УИХ-ын сонгуулийн тухай хуультай холбоотой аж. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх нар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 4.3 дахь заалт буюу “УИХ-ын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж Цэцэд мэдээлэл гаргасан юм.
2016 оны сонгуулийн өмнө Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа 05 дугаар дүгнэлт гаргаж, тухайн үед УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхын, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор байсан нь Үндсэн хуулийн 21.2- т “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэснийг зөрчсөн гэж үзсэн. Улмаар Цэцийн дээрх дүгнэлтийг УИХ хүлээж авснаар 2012 оны сонгуулийг мажоритар хувилбараар явуулсан билээ. Тэгвэл энэ удаа Цэц Т.Доржханд нарын мэдээллийн дагуу УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэхийг шалгах явцад маргаан бүхий шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзэж, их суудлыг хуралдаан зарласан нь энэ аж. Өөрөөр хэлбэл, Цэц 2016 онд 05 дугаар дүгнэлт гарган шийдвэрлэсэн маргаанаа дахин хэлэлцэх нь.