Пүрэв гарагт /2022.06.16/ Германы Канцлер Олаф Шольц, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Италийн Ерөнхий сайд Марио Драги нар Украинд хүрэлцэн иржээ Европын нөлөө бүхий гурван орны удирдагчид Киев хотод галт тэргээр ирсэн байна. Эл явдал Украинд дайн эхэлснээс хойших анхны том хэмжээний айлчлал болж байгаагаараа анхаарал татаж байна.
Энэхүү айлчлалаараа гурван орны удирдагчид Украиныг дэмжиж, тэдний “талд” байгаа гэдгээ баталахаас гадна тус улсын Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзаж Украинд үзүүлэх тусламж, тэр дундаа зэвсгийн тусламж мөн Украиныг Европын Холбоонд элсүүлэх асуудлыг хэлэлэх аж.
Үүнээс гадна Украинтай хил залгаа Румын улсын ерөнхийлөгч өчигдөр Киев хотод айлчлан очиж, Украины засгийн газар, ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хэлэхдээ, дөрвөн орны удирдагчид Киевт хүрэлцэн ирсэн гол зорилго бол Украиныг Европын Холбооны гишүүн улсаар элсүүлэх нэр дэвшигчийн статусыг “нэн даруй” олгохыг дэмжиж байгаагаа илэрхийлж буй хэрэг гэжээ.
“Энэ бол манай түүхийн эргэлтийн үе юм. Украины ард түмэн Европын төсөл болох ардчиллын үнэт зүйл, эрх чөлөөг өдөр бүр хамгаалж байна. Бидний төслийг. Бид хүлээж чадахгүй. Бид энэ үйл явцыг хойшлуулж чадахгүй" гэж Италийн Ерөнхий сайд Драги хэлсэн байна. Мөн тэрбээр “Герман Украины асуудлаар нааштай шийдвэр гаргахын төлөө байна. Энэ нь Бүгд Найрамдах Молдав улсад ч хамаатай” гэж тэр хэлээд Украйн бол “Европын гэр бүлд” багтдаг хэмээн онцоллоо.
Европын гурван удирдагчийн айлчлалаа Оросын цэргийнхэн тусгай ажиллагааны эхний өдрүүдэд эзэлсэн боловч дараа нь орхин гарсан Киев хотын ойролцоох Ирпен хотоос эхэлжээ. Ирпен хотын энгийн иргэд олон тооны хохирол амссан гэж Киев Москваг буруутгаж байгаа ч Кремль эдгээр мэдэгдлийг үгүйсгэж байна. Макрон хотоор аялсны дараа байлдааны ажиллагааны үеэр сүйрсэн хотуудыг сэргээн босгоход Европын орнууд Украинд санхүүгийн тусламж хэдийнэ хуваарилж эхэлсэн бөгөөд Европын шинжээчид, цагдаагийн хүчнийхэн, хуульчид Украины эрх баригчдад дайны гэмт хэргийг мөрдөн шалгахад тусалж байгаа тухай ярилаа.
Дараа нь дөрвөн улсын удирдагчдыг Киевт Зеленский хүлээн авч уулзав. Хэлэлцээ хаалттай хаалганы цаана хэдэн цаг үргэлжилсэн байна