Польшийн 40 сая иргэн Оростой тулалдахад бэлэн байгаа тухай тус улсын Ерөнхий сайд Матеуш Моравецки мэдэгдсэнийг “Wprost” уламжлав.
Ерөнхий сайдын хэлснээр Кремль энэ талаар мэдэх ёстой. Мөн тэрээр Польшийн армийг “Бүс бүрт буудлагын талбай” хөтөлбөрөөр хүчирхэгжүүлэх ёстойг онцолжээ. "Мышкув дахь орчин үеийн буудлагын талбайн ачаар олон хүн галт зэвсэгтэй хэрхэн харьцах талаар мэдэж, сурах болно" гэж Моравецки нэмж хэлэв.
Польшийн нийт хүн ам 38 сая орчим хүн, тэр дундаа хүүхэд, хөгшчүүлийг багтаасан тул Ерөнхий сайд дайчдын тоог хэтрүүлсэн гэж хэвлэлд бичжээ.
Польшийн эрх баригчид Германтай ч холбоотой мэдэгдэл хийсэн байна. “Gazeta Polska” сонины мэдээлснээр Польшийн Ерөнхий сайдын орлогч Ярослав Качински Берлинийг "Москваг эрс эсэргүүцэхгүй байна" гэж буруутгаж, тус улсыг Европ дахь хор хөнөөлтэй элемент гэж нэрлэжээ.
Өмнө нь Польшийн эрх баригчид Украинд 470 сая ам.долларын үнэ бүхий зэвсэг илгээхээ мэдэгдсэн бөгөөд энэ гэрээ нь тус улсын хувьд сүүлийн 30 жилийн түүхэн дээд амжилт болох аж.
Варшав мөн Оросын эсрэг авсан Европын холбооны долоо дахь багц хориг арга хэмжээнд ОХУ-ын бүх эрчим хүч тээвэрлэгч болон банкуудыг хамруулах санал тавьж байгаа.
Польшийн Гадаад хэргийн сайдын хэлснээр, зургаа дахь багц нь Европын орнуудын эрчим хүчний эх үүсвэрийн хувьд ОХУ-аас хараат бус байдлыг хангахад чухал алхам болж байгаа ч "энэ нь хангалтгүй" аж.