Хятадад “байлдааны бус” цэргийн үйл ажиллагааны тухай журам лхагва гаригаас хэрэгжиж эхлэх бөгөөд шинжээчдийн үзэж буйгаар энэ нь Хятадын армид тус улсын стратегийн ач холбогдол бүхий нөөц тээвэрлэх амин чухал замуудын аюулгүй байдлыг баталгаажуулахаас гадна гадаад оронд байгаа Хятадын хөрөнгө оруулалт, төслүүдийг хамгаалах боломжийг олгож байгаа аж.
Өмнө нь “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсын Цэргийн төв зөвлөлийн даргын албыг хашдаг бөгөөд тэрбээр “ байлдааны бус” цэргийн үйл ажиллагаатай холбоотой туршилтын багц журмыг нийтлэх зарлигт гарын үсэг зурсан.
"Энэхүү журам нь хүмүүсийн амь нас, эд хөрөнгө, улс орны тусгаар тогтнол , аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхол, дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахад чиглэгдсэн заалтууд юм. 6 бүлэг, 59 зүйлээс бүрдсэн багц заалтууд байлдааны бус шинж чанартай цэргийн үйл ажиллагааны эрх зүйн үндэс бөгөөд 2022 оны 6-р сарын 15-наас хүчин төгөлдөр болно" гэж тус агентлаг тэмдэглэв.
"Хятадын арми хилийн чанадад эдгээр ажиллагааг явуулснаар зарим тохиолдолд бүс нутгийн тогтворгүй байдлын Хятадад үзүүлэх нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, газрын тос зэрэг стратегийн ач холбогдол бүхий нөөцийг тээвэрлэх чухал замуудын аюулгүй байдлыг хангах, эсвэл гадаад орон дахь Хятадын хөрөнгө оруулалт, төсөл, боловсон хүчнийг хамгаалах боломжтой болно" гэж Global Times сонин шинжээчдийг иш татан бичжээ.
АНУ-ын засгийн газраас санхүүждэг Америкийн “Radio Free Asia” радиогийн мэдээлснээр, эдгээр заалтууд нь Бээжин Тайванийн эсрэг “байлдааны” гэж ангилагдахгүй "тусгай ажиллагаа" явуулахаар бэлтгэж байж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.
1949 оны иргэний дайнд Хятадын Коммунист намд ялагдсан Гоминданы арми Тайваньд шилжин ирсний дараа БНХАУ-ын төв засгийн газар болон муж арлын хоорондын албан ёсны харилцаа тасарсан юм. Харин 1980 оны сүүлээр эх газрын Хятад болон тус арал хоорондын бизнесийн болон албан бус харилцаа сэргэсэн.