Ардчилсан намаас өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намынхан дүрэм журмаа шинэчлэн, батлах гэж байгааг дурдав. Түүнчлэн Үндсэн дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулан, УИХ-ын тухай хуулийн 31.1.1-т заасантай нийцүүлж ажиллахаар болсон гэв. Өөрөөр хэлбэл, АН-ын бүлгийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс бүлгийн бодлого, шийдвэр бүрт Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) гишүүдийн саналыг тусгах зарчмын өөрчлөлт хийснийг Хэрэг эрхлэх газрын дарга Д.Эрдэнэсувд хэллээ. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж Завхан, Булган аймагт Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль явуулах боломжгүй болсон талаар мэдэгдэв. Сонгуулийн ерөнхий хороо нь эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй, нөхөн сонгуулийг хууль зөрчин явуулахыг эрмэлзэж буй гэж үзээд АН-аас Тагнуулын ерөнхий газарт өргөдөл гаргажээ.
Төрийн өмчит компанийн шат шатны дарга нар шударга бус ажиллан, авлига авдаг явдлыг зогсоох болсныг мөн энэ үеэр хөндлөө. Хувийн хэвшлийнхэн, иргэдийн бизнес рүү “дайрч” байгаа нь төрийн албаныхны хийх ажил биш хэмээн тодотгов. Эрх баригчид үндсэн ажлаа хийхгүй, хууль батлахдаа ч өмч эзэмшигчийг буруу тодорхойлж, зах зээлийн зарчим, менежментийн тогтолцоог харгалзан үзэхгүй байна, Ерөнхий сайд, бусад сайд ажлаа хийж чадахгүй бол чөлөөгдөх ёстой хэмээн АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр хэллээ. “АН дарга болон тамга тэмдгийн маргаантай байсан. Үүнийг нам дотроо хагаралдсан мэтээр эрх баригчид олон нийтэд ташаа ойлгуулж байна. Намын даргын асуудал тавдугаар сард шийдэгдсэн бол тамгатай холбоотойг нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэдэг үндэслэлээр хаасан. Ингэснээр жил орчим үргэлжилсэн маргаан эцэслэсэн” гэдгийг дээрх хуралд оролцогчид онцолсон юм.