Их Британийн парламент дахь Консерватив намын гишүүд Ерөнхий сайд Борис Жонсонд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явууллаа. Энэ тухай BBC суваг мэдээлэв
Борис Жонсоныг нэн даруй огцруулж болох байсан санал хураалт даваа гарагийн орой болжээ. Нууц санал хураалтад парламентын 211 гишүүн Б.Жонсоныг дэмжсэн бол 148 гишүүн итгэл үзүүлэхгүй гэсэн санал өгсөн байна. Ийнхүү Борис Жонсон албан тушаалаа хэвээр үлдээв.
Өмнө нь Консерватив намаас парламентад сонгогдсон гишүүдийн 15-аас доошгүй хувь нь буюу 54 хүн Б.Жонсонд итгэл үзүүлэхгүй байгаагаа илэрхийлсэн захидлыг Их Британийн Нийтийн танхим дахь Консерватив намын парламентын бүлгийн дарга Грэм Брэйдид илгээжээ. Энэ тохиолдолд тус хороо намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах ёстой байдаг байна.
Захидлын шалтгаан нь Ерөнхий сайд 2020-2021 онд Даунинг гудамжин дахь өргөөндөө хатуу хөл хориог үл харгалзан хэд хэдэн зугаа цэнгэлийн арга хэмжээ зохион байгуулсан явдал байв. Хожим нь Жонсон олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан эдгээр үдэшлэгийн нэгэнд оролцсондоо уучлалт гуйжээ. Түүний хэлснээр эл үдэшлэгийг “ажлын арга хэмжээ” гэж андуурсан аж.