УИХ дахь намын бүлгүүд өчигдөр ээлжит хуралдаанаа хийв. АН-ын бүлгийнхэн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл сонсжээ. Улмаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн бол Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг “Өнгөц засвар төдий, реформын шинжтэй томоохон өөрчлөлт оруулаагүй, харин ч цаагуураа төрийн өмчит компаниудын тоог нэмэгдүүлэх үр дагавартай” хэмээн дүгнэв.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар тус бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийхдээ ийн онцолсон бөгөөд “Төр эдийн засагт зөвхөн зохицуулах үүрэгтэй оролцох ёстойгоос бус, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж, бизнес хийх учиргүй. Гэтэл Монгол Улсад орж ирж байгаа 100 ам.долларын 70-ыг нь ердөө хоёрхон бүтээгдэхүүний борлуулалт бүрдүүлж байгаа. Тэр хоёрыг олборлон борлуулагч компани нь төрийн эзэмшлийнх. Хөгжлийн банк, Төрийн банк, Хөрөнгийн бирж нь бүхлээрээ төрийн мэдэлд байна. Эдийн засагт хувийн хэвшлийн оролцоо бараг байхгүйтэй ижил түвшинд очжээ. Үүнийг энэ төслийн хүрээнд нэг мөр шийдэж, стратегийн ордуудынхаа 10 хувийг Хөрөнгийн биржээр нээлттэй худалдах ажлыг эхлүүлэх ёстой” гэж АН-ын бүлгийнхэн ярилцсаныг онцлов.
Гишүүн С.Одонтуяа энэ үеэр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх сэтгүүлчийн асуултад “АН, УИХ дахь намын бүлгийнхэн нь Монгол Улс хүчтэй парламенттай байх ёстой гэсэн нэгдмэл байр суурьтай байгаа. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна. Тэр дундаа сонгуулийн холимог тогтолцоотой байх, гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй. Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулна. Парламентад олон суудал авсан нам нь Ерөнхийлөгчөө сонгох давуу эрх эдэлж болохгүй. Иргэддээ сонголт өгөх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Мөн МАН-ын бүлгийнхэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцаж, олон нийтээс энэ талаарх саналыг нь сонсох хэлэлцүүлгийг зуны турш орон даяар өрнүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Улмаар иргэд дэмжвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлах гэнэ. Ингэхдээ парламентын болон орон нутгийн тогтолцоог боловсронгуй болгох, 2019 онд баталсан нэмэлт, өөрчлөлтөд оруулж чадаагүй зарим зохицуулалтыг тусгаж магадгүйг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийхдээ онцоллоо. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор энэ оны хавар, намрын ээлжит чуулганы завсар ээлжит бус чуулган зарлах бололтой.