УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Ингэхдээ 140 гаруй томьёоллоор санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан нөхцөлийг хангаж байгаа, эсэхийг эрх бүхий этгээд магадлан шалгах хугацааг багасган уг төсөлд тусгажээ. Тодруулбал, тусгай зөвшөөрлийг тав, энгийн зөвшөөрлийг гурван өдөрт магадлан шалгах аж.
Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга зөвшөөрөл олгохоор тусгасныг гишүүн Ж.Сүхбаатар эсэргүүцэв. Тэрбээр “Засаг дарга нар улс төрийн албан тушаалтан байдаг. Бас тухайн аймгийнхаа намын хорооны даргаар ажилладаг. Нөгөө талаас ямар нэгэн асуудал үүсвэл Засаг дарга л зөвшөөрөл өгсөн гээд ам хаана шүү дээ. Ер нь тэднийг гарын үсэг зурдаг ажлаас хол байлгамаар байна” гэв. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд аймаг, нийслэл, сумдын ИТХ иргэдийнхээ саналыг авч, зөвшөөрөл олгох журмыг батлахаар заасан. Өөрөөр хэлбэл, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг олгохдоо ИТХ-ын баталсан журмын дагуу Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч олгох ёстой аж.