Хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэл хийнэ гэдэг МАН-ынхны ажил сүржигнэлээс хэтэрдэггүйг хууль тогтоох байгууллагын “тогоо”- нд буцалсан сүүлийн хэдэн өдрийн үйл явдал харуулав. Засгийн газраас өнгөрсөн сарын 4-нд өргөн мэдүүлсэн Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, тэдгээртэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн мягмар гарагт эдгээрийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхлэх гэсэн ч эрх баригч намын бүлгийнхэн завсарлага авч, цөөнхийнхөн төслүүдийг буцаахыг шаардав.
Тэгж байтал уг төслийг санаачлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагаж өргөн мэдүүлсэн Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татаж авахаа мэдэгдэх нь тэр. Олон нийт, улс төрийн намууд болон сөрөг хүчний зүгээс шүүмж, шаардлага ихээр ирүүлж байгаагаас ийм шийдвэрт хүрснээ тэрбээр тайлбарласан. Гэхдээ Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Х.Нямбаатар сайдын мэдэгдсэнээр хуулийн төслийг ингээд татан авах хууль зүйн үндэслэл байхгүй. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар санаачлагч нь УИХ-ын даргад энэ тухайгаа албан бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Мөн хуулийн төслийг буцаах, эсэх талаар санал хураалт явуулах боломжгүй. Учир нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар хэлэлцэх, эсэхтэй холбоотой асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тохиолдолд хууль санаачлагчид нь буцаадаг” хэмээн тайлбарласан. Өөрөөр хэлбэл, МАН-ынхны авсан тав хоногийн завсарлага дуусахаар дээрх төслийг буцаан татах, эсэхийг шийднэ гэсэн үг. Мөн байнгын хорооны хуралдааны үеэр эдгээр төсөлтэй холбогдуулан гишүүн С.Чинзориг саналаа хэлэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар түүнийг “гөлөг” хэмээн доромжилсон юм. “Энэ насандаа хүнээс ийм үг сонсож үзээгүй” гэх гишүүний гомдол, сайдын уучлал гээд элдэв “юм” дагуулсан хэлэлцүүлэг, маргаан өрнөж байна.
Үнэхээр ч “Олон нийт шүүмжиллээ” гээд шууд татчихаж болохооргүй дүр зураг энэ тохиолдолд ажиглагдаж буй. Тодруулбал, сайд Х.Нямбаатар Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох санал гаргадаг Ерөнхийлөгчийн байр суурийг нь сонсоогүй бололтой. Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал “Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тус байгууллагын хараат бус, бие даасан байдлыг сулруулах шинжтэй ноцтой асуудлыг хөнджээ. Уг хуулийн төсөл Ерөнхийлөгчийн “хувь хүн биш, хууль засаглах” шинэтгэлийн бодлогод харшилж байна. Санаачлагч нь хуулийн засаглалын шинэтгэлийн бодлогоос ухарсан төслөө татан авах нь зүйтэй” хэмээн нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлсэн юм. Хэдийгээр Засгийн газар хууль, тэр тусмаа аль нэг төслийг дагалдуулан өргөн барьж буй тохиолдолд Ерөнхийлөгчөөс заавал санал авах шаардлагатай, шаардлагагүй хэмээн өөр өөр тайлбар хөвөрч байгаа ч Хууль зүй, дотоод хэргийн сайд нь “Хуулийн тухай хууль” гэгддэг Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн байвал яах вэ. Буруу нь илчлэгдэхээр “Больё, больё” гэж болох уу.
Үүнээс гадна прокурорын байгууллага Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар санаачлагчид санал хүргүүлэхдээ дээрх асуудлыг огт хөндөөгүй нь тэд ийм төсөл дагалдаж буйг мэдээгүй юм биш биз гэсэн хардлага төрүүлж байгаа юм. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын ерөнхий прокуророос өгсөн саналд “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, хаах, яллагдагчаар татах, хэргийг нэгтгэх, тусгаарлах зэрэг шийдвэрийг мөрдөгч гаргахаар уг төсөлд тусгасан нь 1963 оны социалист хэв маягийн байцаан шийтгэх хуулийн үзэл санаанд тулгуурласан, 2002, 2017 оны хууль эрх зүйн дэвшлээс ухарсан, оновчтой шийдвэр биш, Үндсэн хуулийн суурь зарчим хөндөгдсөн гэж үзэж байна” хэмээн дэмжихгүй гэдгээ олон үндэслэлээр тайлбарлажээ. Ийм шүүмжлэл дагуулах нь төслийг өргөн барихаас ч өмнө тодорхой байсан мэт харагдана. Гэвч Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “түүхий”, түргэн өргөн барьсан нь асуудал дагуулав. Мэдсээр байж ийм төсөл өргөн барьсан нь хэн нэгний “захиалга” л биш юм бол Засгийн газар ганц энэ тохиолдолд ч бус, аливаа асуудлыг олон талаас нь харж, сайн судлахгүй, хөнгөн хуумгай ханддагийн нэг жишээ гэлтэй.
Гэхдээ Х.Нямбаатар сайд нэг л төслийг татах тухай дурдсан. Тэр нь өнгөрсөн долоо хоногийн эхээр “гэрэлд цохиулсан” Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Бусдынх нь буюу Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл “маш муу” болсныг сүүлийн хэдэн долоо хоногийн турш сөрөг хүчин АН-ынхан УИХ дахь бүлэг болон намын шат шатны хурлаараа хэлэлцэж, улмаар эсэргүүцэн, тэдгээрийг татаж авахыг шаардаж байсан юм. Эдгээр хуульд шинээр “доромжлох” гэмт хэргийг оруулахаар санаачилсан нь иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсний төлөө эрүүгийн хариуцлагад татах нөхцөл үүсгэж байгааг тэд шүүмжилсэн. Мөн Эрүүгийн хуулийн 13.14.1-т “Илт худал мэдээллийг олон нийтэд тараах ... “ хэмээснийг “илт” гэдэг үгийг хасахаар тусгасныг эсэргүүцэж, ерөнхий прокуророор ажиллах иргэнд тавигдах шаардлагыг сулруулах замаар тус байгууллагын мэргэжлийн зарчмыг алдагдуулах гэж буйг анхааруулсан юм. Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгчийн эрхийг нэмэгдүүлсэн зарим заалт тусгасан нь хүний эрхийг дордуулах нөхцөлийг олон талаар бүрдүүлж болзошгүйг АН-ынхан болон нэр бүхий хуульчид удаа дараа онцолсон билээ.
Харин МАН-ынхан гэнэт мэдсэн аятай сүржигнэж, “30 дугаар их хурлаараа “Хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулах дэвшилт бодлого” баталж, үүнийгээ хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхааран ажиллаж байна” хэмээн алга ташуулах гэж адгав. Дээрх төслийн зарим зохицуулалт нь хүний эрхийг зөрчиж болзошгүй байгаа тул эргэн харж, зайлшгүй хэлэлцэх шаардлагатай хэмээн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд албан бичиг илгээсэн юм. Угтаа бол тэдний, намынхных нь, Засгийн газрынх нь, санал болгон томилуулсан сайдынх нь санаачилсан төсөл шүү дээ. Батлах, эсэх нь ч тэдний л мэдэх хэрэг. Сайд Х.Нямбаатар “доромжлох” заалтын тухайд “Нийгмийн сүлжээнд олон хүүхэд гадуурхал, доромжлолын золиос болж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Зөвхөн хэдэн сэтгүүлч хүн доромжлох эрхтэй, бусад нь хамаагүй гэдэг агуулгаар хандаж болохгүй. Сэтгүүлчид хэнийг ч хамаагүй доромжилдог, эсвэл захиалгаар гүтгэдэг компани байгуулж, тэр бизнес нь далд хэлбэрт байдаг” хэмээн хэгжүүрхэхэд ч тэд таг дуугүй л байв.
Ер нь МАН-ынхан өөрсдөө хэрэг өдүүлчихээд, өөнтөглөж буй дүр үзүүлэхдээ тун гаргуун. Улмаар олны анхааралд орчихсон асуудлыг шийдэж байгаа мэт сүржигнэж, өнгөтэй, өөдтэйг нь өөрсдөдөө наах гэдэг нь гэм биш, зан болчихсон. Хөгжлийн банкны чанаргүй зээл тойрсон асуудалд ч эрх баригчид ийм л “тоглолт” дэглэсэн шүү дээ. Д.Амарбаясгалан дарга нь хэвлэлийнхэнтэй нийлж хэлэлцүүлэг хийгээд, эл хэрэгт холбогдсон гишүүдээ хөөж, хасахаа гайхуулсан ч өнөөдрийг хүртэл хийсэн ажил, хүрсэн үр дүн нь хий хоосон сүржигнэлээс хэтэрсэнгүй. “Хэрэг”-т холбогдсон хүмүүс нь хийдгээ хийгээд л явж байна.