Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг өнгөрсөн баасан гарагт батлав. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Тэрбээр “Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд зээлсэн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай ашиглах, төсвийн сахилга батыг сахих бодлого баримталсны үр дүнд Засгийн газрын өрийн хэмжээг өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 50.7 хувьд хүргэн, үе шаттайгаар бууруулж чадсан ч Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 240 хувьтай тэнцэхээр байгаа. Өрийн асуудал Монгол Улсыг эмзэг хэвээр үлдээж байна. Түүнчлэн Засгийн газар 1990 оноос хойш олон болон хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд 24 зээлдүүлэгчээс санхүүжилт авч, 306 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд эдгээр зээлийн үлдэгдэл 5.8 тэрбум ам.долларт хүрчээ. Цаашид эдийн засгийн үр өгөөжгүй төсөл, хөтөлбөрүүдийг гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээс татгалзах цаг болсон байна. Мөн Засгийн газрын гадаад үнэт цаасны төлбөрийг мөнгөн хөрөнгийн хуримтлалаас боломжит дүнгээр төлөх, хугацаанаас нь өмнө худалдан авах, дахин санхүүжүүлэх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгалаа. Дахин санхүүжилтээс бусад зориулалтаар Засгийн газрын гадаад үнэт цаасыг арилжихгүй байх чиглэл баримтална. Хавтгайрсан халамж, тэр дундаа хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь чиглүүлэх замаар өндөр хүүтэй гадаад бондуудыг төлөх төсвийн орон зайг гаргаж, өрийн хуримтлалыг бууруулах зайлшгүй шаардлага үүслээ” хэмээв.
Мөн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хоёр долоо хоногийн өмнө эл хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Олонхын бүлгийн зүгээс үүнийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн билээ. Иймд дээрх төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцье хэмээн санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Улмаар төслийг санаачлагчид нь буцаалаа.
Үргэлжлүүлэн Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Одоо олгож буй 914 зөвшөөрлийг 377 болгон бууруулахаар ажлын хэсгийн түвшинд цэгцэлжээ. Ер нь хуулиас давсан журам гаргаад, түүгээрээ зөвшөөрөл олгож буй явдлыг нэлээд сайн хумьсныг тэд онцолсон. Харин энэ хуультай холбоотойгоор банкуудад дахин зөвшөөрөл олгох, эсэх тухайд Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Төвбанк зах зээлд шинээр нэвтэрч буй технологийн хөгжлийг дагасан бүтээгдэхүүн, үйлчилгээ болгонд зөвшөөрөл олгодог. Хуулиар бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрийг нэгбүрчлэн зааж, зөвшөөрөл олгох боломжгүй. Техник, технологийн хөгжлийг одоо ийм, маргааш тийм болно гэж урьдчилан таах аргагүй шүү дээ. Банкийг дахин бүртгэх тухай асуудал байхгүй. Гэхдээ санхүүгийн зах зээл ганц арилжааны банкнаас бүрддэггүй. Технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг олон аж ахуйн нэгж бий. Тэд банкуудтай гэрээ байгуулсны үндсэн дээр үйлчилгээгээ үзүүлдэг. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10.1.11-т заасны дагуу тэдгээр компанид тусгай зөвшөөрөл олгож буй” гэв. Гэвч Зөвшөөрлийн тухай хуулийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм. Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг жил орчмын хугацаанд сайн ажилласан байна. Гэхдээ бүлгээрээ дахин ярилцаж, гишүүдийн саналыг нэгтгэх шаардлагатай” гэв.
Түүнчлэн гишүүн Н.Энхболдоос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Цаашдаа хувийн мал эмнэлэг байгуулахад санхүүгийн хувьд бие даасан үйлчилгээний шинэ зохицуулалт зайлшгүй хийх шаардлагатай. Хувийн мал эмнэлгүүд бие даан тарилга, үйлчилгээ хийн, гоц халдварт өвчинтэй тэмцэх нөхцөл бүрдээгүй байна. Сангийн сайдтай хамтраад, малын тарилгын үйлчилгээний тарифыг баталж өгсөн нь томоохон дэвшил болсон. Мал эмнэлгийн боловсон хүчний асуудлыг зайлшгүй эргэн харах шаардлагатай” гэв. Мөн тэрбээр “Одоогоор манай нийт малаас 900 орчим сая литр сүү авах боломжтой гэсэн тооцоо байдаг ч бүрэн боловсруулж чаддаггүй. “Сүү”, АПУ компанийнхан одоогоор уламжлалт мал аж ахуйгаас бэлтгэж байгаа сүүг боловсруулах чиглэлд малчдын 10 орчим бүлэг, хоршоо бий болгосон. Цаашдаа дор хаяж малчдын 30 бүлэг, хоршоо байгуулж, зах зээлээ булаацалдахгүйгээр, бүсчлэн хуваан, үйлдвэрлэлээ өргөжүүлбэл дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана” хэмээж байлаа. Мөн тоног төхөөрөмж, дэд бүтэц, боловсон хүчний асуудлыг шийдвэрлэхэд 45 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцжээ.