Тавдугаар сарын 25-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины өмнөд хэсгийн Запорожье, Херсон мужуудын иргэдэд Оросын иргэний паспортыг хялбаршуулсан журмаар олгох зарлигт гарын үсэг зурсан байна.
Оросын хууль зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн уг зарлиг тавдугаар сарын 26-наас хэрэгжиж эхэлжээ.
ОХУ-ын эрх баригчдын томилосон Запорожье мужийн "Цэрэг-иргэний удирдлагын үндсэн зөвлөл"-ийн гишүүн Владимир Рогов "Бүс нутаг Украины үндсэрхэг үзэлтнүүдээс бүрэн чөлөөлөгдсний дараа тус нутаг Оросын нэг хэсэг болно" гэж Лхагва гарагийн өглөө мэдэгдсэн байна.
Түүнчлэн Херсон мужийн "цэрэг-иргэний захиргааны орлогч дарга" Кирилл Стремоусов Орост нэгдэх төлөвлөгөөний талаар ярьжээ.
Тэрээр РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа "Бид тусдаа тусгаар тогтносон бүгд найрамдах улс болох төлөвлөөгүй. Бидний гол зорилго бол ОХУ-ын бүрэлдэхүүнд харьяалагдах явдал юм" гэжээ.
Одоо Херсон муж бүхэлдээ, Запорожье мужийн зарим хэсэг Оросын цэргийн хяналтад байгаа юм.
Украинаас салан тусгаарласан Луганск, Донецкийн иргэдэд зориулсан ийм журмыг Путин 2019 онд мөн баталж байжээ.
Ингэснээр Украины эзлэгдсэн нутгийн иргэд ОХУ-д амьдралгүйгээр, орос хэл мэддэгээ батлах, хөрөнгө мөнгөний баталгаа гаргах шаардлагагүйгээр паспорт авах боломжтой юм.