Оросын “Urals” маркийн 62 сая баррель газрын тос ачсан усан онгоцууд худалдан авагч олдохгүйн улмаас далайд хөвсөөр байна гэж Reuters агентлаг "Vortex" судалгааны компанийн мэдээллээс иш татан бичжээ.
Одоогийн байдлаар Орос-Украйны дайн эхлэхээс өмнөх үеийнхээс гурав дахин их газрын тос далайд байгаа аж. Шинжээчдийн тооцоолсноор, Оросын нефтийн экспорт энэ оны хоёрдугаар сард өдөрт 7,9 сая баррель байсан бол тавдугаар сард гэхэд 6,7 сая баррель болж буурсан байна. Ихэнх түүхий эдийг Хятад, Энэтхэг рүү илгээдэг.
Эргэн сануулахад Хятад улс Зүүн Сибирьт үйлдвэрлэдэг Оросын ESPO газрын тосны импортыг нэмэгдүүлнэ гэж мэдээлж байсан.
Түүнчлэн "Роснефть", "Газпром нефть" компаниуд Оросын нефтийг Ази дахь худалдан авагчдад хүргэхийн тулд сүүлийн хэдэн долоо хоногийн турш “Совкомфлотын” эзэмшлийн танкеруудыг захиалж байгаа аж.