Тогтолцооны өөрчлөлт хийхтэй хамт хамгийн түрүүнд хөндөгдөж буй сэдэв бол сонгууль. Ерөнхийдөө мажоритар хувилбараас татгалзаж, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн хэлбэр давамгайлсан холимог тогтолцоотой болохыг шаардаж буй. Гэхдээ энэ нь бараг сонгууль бүрийн өмнө хууль, тогтолцоонд нь гар хүрдэг ээлжит “давлагаа” юу, эсвэл үүнийг үнэхээр эерэг, зөв үр дүн авчрахаар өөрчлөх хүсэл зоригийн илэрхийлэл, эсэхийг хэлж мэдэхгүй юм. Учир нь манай улс 1992 оноос хойш парламентын ээлжит сонгуулийг найман удаа явуулахдаа 2000, 2004 оны сонгуулийн өмнө л тогтолцоог нь өөрчлөөгүй түүхтэй. Ардчилсан Үндсэн хуулиа баталсны дараа Сонгуулийн тухай хуультай болсноос хойш 2005, 2011, 2015, 2019 онд бүхлээр нь шинэчилсэн байдаг. Мөн 1996, 2008, 2012, 2015, 2016, 2019 онд сонгуулийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулжээ. Үндсэндээ эдгээр шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлтийг сонгуулийн жилд, эсвэл дөнгөж өмнө нь хийж ирсэн гэхэд болно.
Ингэхдээ 2012 оны сонгуулийг мажоритар зонхилсон 48:28 буюу холимог тогтолцоогоор явуулсныг эс тооцвол бусад нь мажоритар хувилбар юм. Тодруулбал, 1992, 2008, 2020 оны сонгуулийг олон мандаттай, том тойргоор, 1996, 2000, 2004, 2016 оныхыг нэг мандат, нэг тойрогтой мажоритар хувилбараар явуулжээ. Харин 2024 оны сонгуулийн тогтолцоо ямар байх бол. Ярьж ярьж, дандаа шинэчилж, нэмэлт, өөрчлөлт оруулдаг атлаа мажоритар тогтолцоондоо хоргодож, тэрүүхэндээ эргэлдэсхийгээд, эрх баригчид нь өөрсдөдөө ашигтай хувилбараа хуульчилж орхих уу.
Монгол дахь “Конрад Аденаур” сангаас зохион байгуулдаг Ардчиллын VI чуулган өчигдөр болсон. Ардчиллыг “амилуулах” гол “хэрэгсэл” гэгддэг сонгуулийн тогтолцоог энэ удаа хөндсөн бөгөөд судлаач Я.Төгөлдөр (Ph.D, дэд профессор) өнгөрсөн найман удаагийн сонгуулиар УИХ-ын суудлын дийлэнхийг өнөөгийн эрх баригч МАН авч, сүүлийн үед нэг намын тогтолцоо зонхилох нь илүүтэй ажиглагдах болсныг дурдана лээ. Үнэхээр ч тэд 1992 онд 70, 2000 онд 72, 2008 онд 45, 2016 онд 65, 2020 онд 62 суудал авч, таван сонгуульд нь дангаараа УИХ-ын олонхыг бүрдүүлжээ. Уг нь улс төрийн намуудын сонгуулийн оролцоо буураагүй, харин ч өсөж буй. Өнгөрсөн сонгуулиар гэхэд 13 нам, дөрвөн эвсэл, нийт 606 нэр дэвшигч өрсөлдсөн нь дээд үзүүлэлт юм.
Гэтэл 2008 оноос буюу сүүлийн дөрвөн сонгуульд МАН-ыг дэмжсэн сонгогчдын хувь 50-д ч хүрсэнгүй. Тухайлбал, 2016 оны сонгуулиар МАН сонгогчдын 46.3 хувийн дэмжлэгийг авсан атал 76 суудлаас 65-ыг нь, үнэмлэхүй олонхыг эзэлсэн шүү дээ. Тэднийг 1992 онд, анхны ардчилсан сонгуулиар сонгогчдын 58.2 хувь нь дэмжсэн нь хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд тухайн үед 70 суудалтай болж байв. Сонгогчдын дэмжлэг болон УИХ дахь суудал хуваарилалтын тоо ихсэх тусам тэнд асуудал үүсэж буй нь хамгийн том гажуудал гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, мажоритар тогтолцоогоор явуулсан сонгуулиар ялсан нь бүхнийг авч, нөгөө талд санал хамгийн ихээр гээгдэж буйг бидний туршлага бэлхнээ харуулна. Өнгөрсөн
дөрвөн хүчин зүйлийн төлөөллийг шударгаар хангах ёстойг онцолсон. Жишээ нь, газар зүй талаас нь төлөөллийг хангахдаа нийслэл болон орон нутагт тойрог, мандатыг шударга хуваарилж чадахгүй байна. Нийт хүн амынх нь 47 хувь Улаанбаатарт амьдарч байхад өнгөрсөн сонгуулиар нийслэлийн есөн тойргоос 24 хүнийг (31.5 хувь) УИХ-ын гишүүнээр сонгосон юм. Аймгууд, орон нутгийн тойргоос 52 хүн УИХ-ын гишүүн болсон гэсэн үг. Цаашид УИХ-ын мандатыг засаг захиргааны нэгждээ тулгуурласан хэвээр хадгалах уу, эсвэл хүн амын төлөөллөө харгалзах уу гэдэг нь ч сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийн хүрээнд анхаарал хандуулах асуудал юм.
Мэдээж мажоритар болон пропорциональ хувилбарын аль алинд нь давуу хийгээд сул тал бий. Дээр дурдсан асуудлуудаас гадна популидерийг төлөвшүүлэх үүргээ МАН, АН-ынхан биелүүлсэнгүй. Харин ч нам, улс төрийн салбарт хамгийн муу бүхэн үүрлэдэг гэх хандлагатай болж, ойшоохоо больж буй. Сонгуулийн ирц, идэвх ч үүний нэгэн илрэл юм.
Цаашид бид өдгөө замнаж буй төлөөллийн ардчиллаа амжилттай хэрэгжүүлье гэвэл сонгуулийн тогтолцооны холимог хувилбарыг дэмжих нь зүйтэй гэдэгт судлаачид, олон талын төлөөлөл санал нэгдэж байна. Ер нь үүнийг байнга л хэлж, ярьж ирсэн ч хэрэгжүүлээгүй, хуульчлалгүй өнөөдөртэй золгосон шүү дээ. Магадгүй 2012 оны сонгуулиар хэрэглэсэн холимог тогтолцооноосоо ухралгүй, сүүлийн хоёр удаагийнхыг энэ хувилбараар явуулсан бол бид өнөөдөр арай өөр зүйл яриад сууж байх байсан биз. Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх, эсэх талаар тулга тойрсон хэрүүл хийх бус, холимог хувилбараа хэрхэн сайжруулах, пропорциональ болон мажоритар тогтолцоог ямар хэмжээтэй хослуулах вэ гэдэгт ухаанаа уралдуулж суух байсныг үгүйсгэхгүй.
Ардчиллын чуулганд оролцогч, ХҮН намын гишүүн н.Отгонбаатар “Сүүлийн долоо хоногийн турш иргэдтэй уулзаж, голдуу гэр хорооллоор ажиллалаа. Иргэд мажоритар, пропорциональ хувилбар гэж юу болохыг үнэндээ мэдэхгүй, ялгахгүй байна. Гагцхүү одоогийн тогтолцоо болохгүй, өөрчлөх ёстойг л сайн мэдэж байна” гэсэнчлэн юутай ч холимог болгон өөрчилье. Харин дараа нь холимог тогтолцоо, пропорциональ хувилбарынхаа сайн, мууг ярилцаж, жин банг нь тааруулъя. Энэ хувилбарт ч сайн, муу тал бий.