Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт өнгөрсөн баасан гарагт өргөн барилаа. Энэ талаар Тамгын газрын дарга Я.Содбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар мэдээлэл хийсэн юм. Тогтоолын төсөлд хүүхдийн хоол, хүнсний хангамжийн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоо бий болгох, аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, пестицидийн үлдэгдлийн хяналтын хөтөлбөр батлах зэрэг чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгахаар тусгажээ. Мөн хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдвэрлэх, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн бий болгох, тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх, хүнсний сүлжээний бүх шатанд хяналт, баталгаажуулалтыг тодорхой болгохоор заажээ. Түүнчлэн итгэмжлэгдсэн лабораторийн хүчин чадлыг өсгөх, дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох, хоол, хүнсний зөв зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах зэрэг цогц арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгах гэнэ.
Ирэх таван жилд нийт 134 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнд 1.7 их наяд төгрөг шаардлагатай аж. Эхний ээлжид 500 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргажээ.
Энэ үеэр Я.Содбаатар “Олон хууль тогтоомжид өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Нэмэгдсэн өртгийн, Гаалийн албан татварын болон бусад хуульд үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжих таатай орчин бүрдүүлэх, импортоор оруулж ирж буй бараа, бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадахуйц хэмжээнд урамшуулахын тулд уг төслийг боловсрууллаа. УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд илүү зүйл ярих болов уу” гэсэн бол сайд З.Мэндсайхан “Засгийн газар энэ жил хөдөө аж ахуйн чиглэлээр 380 тэрбум төгрөгийн, гурван хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээлийн эх үүсвэр гаргасан. Үүнийг үр тариа, хүнсний ногоо, хөнгөн үйлдвэр эрхлэгчид, арьс, шир, ноос, ноолуур, мөн гурилын үйлдвэрүүд авах боломжтой. Түүнчлэн Гол нэр, төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мах, гурилын төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, нөөц бүрдүүлэх чиглэлээр Засгийн газар хоёр жилийн хугацаатай, 230 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргасан. Нийт 610 тэрбум төгрөгийг одоогоор зарцуулсан гэсэн үг. 230 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн 130 тэрбумыг мах бэлтгэлд, 100 тэрбумыг нь гурил үйлдвэрлэгчдэд олгож байна. Нэг талдаа түүхий эд үйлдвэрлэгч, нөгөө талдаа боловсруулах үйлдвэрүүдэд гээд нийт 730 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг одоогийн байдлаар гаргажээ. Засгийн газрын зүгээс хүнсний үйлдвэрүүдтэй биечлэн танилцсан. Улмаар Засгийн газар 420 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргахаар шийдвэрлээд буй. Гэхдээ үүнийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг талаар Монголбанк, арилжааны банкуудтайгаа хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, гурилын үйлдвэрүүд, зарим импортлогчид зориулсан урт хугацаатай зээлийн ямар хөшүүрэг байж болохыг бид ярилцаж байгаа” хэмээсэн.
Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжив. Энэ үеэр гишүүд хурдан морины стандарт гэдгийг хэрхэн ойлгох, допингийн шинжилгээг Монголдоо хийх боломжтой, эсэх, наадам хэсэж, найраа хийдэг явдлыг хэрхэн зохицуулахыг тодруулсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар Монголд адууны гурван стандарт бий бөгөөд үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр болон өмнөх хоёрыг нийлүүлсэн шинжээр тодорхойлох аж. Гэхдээ үүлдэрлэг байдлаар стандарт тогтоох нь асуудал дагуулдгийг сайд Х.Нямбаатар онцолсон. Тиймээс цаашид цуснаас нь шинжилгээ авч, геномын дарааллыг тогтоож, стандартыг нь батлах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж буйг дуулгав. Тэр хүртэл буюу шилжилтийн үеийн зохицуулалтын дагуу хурдан морьдыг сэрвээний өндрөөр хэмжин уралдуулна гэлээ. Сайд Х.Нямбаатар “Хоёрдугаар үеийн эрлийз адууг ялгаж чадахгүй болохоор ингэж зохицуулах нь зүйтэй гэж үзсэн” хэмээн учирлаж байсан юм. Адууг зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж байгаа нь учир дутагдалтай гэдгийг ч Н.Ганибал гишүүн анхааруулж байлаа. Тэрбээр “Хэрвээ эрлийз адууг дэмжсэн хууль баталбал есөн жилийн дараа монгол адуу гэж байхгүй болно гэдгийг эрдэмтэн, судлаачид тооцсон байна. Засгийн газар жил бүр үржлийн адуу импортлох квот өгдөг. Энэ жил адуу импортлох 5000 хүсэлт ирснээс 1000-д нь зөвшөөрөл олгосон байна. Жилд 20 орчим сая ам.долларыг эрлийз адуу импортлоход зарцуулж буй. Энэ бол монгол адууг байхгүй болгох довтолгоо. Монгол өв соёл, монгол адууны эсрэг бүхэл бүтэн үе гарч ирээд байна шүү дээ. Энэ бол монгол адуугаа дээдэлдэг монгол түмний хувьд маш гутамшигтай хэрэг” хэмээн эгдүүцлээ илэрхийлсэн юм.
WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмийн дагуу Монгол Улс өөрийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийдэг болох ёстой юм байна. Мөн үндэсний баяр наадмыг улс даяар нэг өдөр хийнэ гэж тусгаад буй бөгөөд онцгой байдал зарласан, цар тахал дэгдсэн үед Засгийн газар, Засаг даргын шийдвэрээр өөр өдөр хийх гэнэ. Ингэснээр наадам хэсэж, найраа хийдгийг зохицуулна хэмээн найдаж буй юм байна.
Харин “Их хурд” уралдаан, тойргийн барилдаан болон харваа зэрэг үндэсний спортыг цаашид Үндэсний спортын тухай хууль батлан зохицуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ Бооцоот морин уралдааны тухай хуулийг тусад нь боловсруулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна нийслэлийн алслагдсан дүүргүүд наадмаар 128-256 бөх барилдуулдаг тул сумын цол өгөхөд чамлалттай гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, тэдэнд аймгийн цол олгохоор тусгажээ.
Гишүүн Б.Энхбаяр “Энэ хэлэлцүүлэг уяачид, бөхчүүдийн холбооны хурал болж хувирлаа. Үндэсний их баяр наадмыг агуулга талаас нь харвал үндэстний эв нэгдэл, их эеийн чуулган болж ирсэн түүхтэй. Наадам гэдэг зөвхөн наргиж, цэнгэхийн нэр биш. Гэтэл сүүлийн жилүүдэд эв нэгдлийн баяраас нь хэрүүл салахаа байсны учир нь улстөрчид үүнд оролцсонтой холбоотой. Морины өндөр хэмжих тухай УИХ-ын гишүүд яриад сууж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, улстөрчид Үндэсний баяр наадмын тухай хуулийг оролдож эхэлснээс үүдэлтэй. Одоо ч самраад сууж байна” гээд Ерөнхийлөгч дүрэм гарган, зохицуулах боломжтойг хэлэв.
Бэлтгэсэн: Б.УРАН