АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгүүлэх хүсэлтийг Дээд шүүхийн нийт шүүгчийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэнэ. Хоёр хуваагдсан АН-ынхан тал талд мэдээлэл хийж, Дээд шүүхийн байрны гадаа уриа, лоозон барин жагслаа. С.Эрдэнийн талынхан “Дүрмийн бус сунгаанд оролцож, өөрөө өөртэйгөө өрсөлдөн ялсан Х.Баттулга шударга бусаар намын даргын эрх мэдэлд санаархаж байна” хэмээн мэдээлэл хийсэн бол Дээд шүүхийн байрны гадаа жагссан хүмүүс Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхийг шаардаж байв. Үүнтэй холбоотойгоор Дээд шүүхээс мэдэгдэл гаргалаа. Түүнд “Дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчид рүү чиглэсэн, олон нийтийг зориуд төөрөгдүүлэх мэдээ, мэдээллийг АН-ын зарим гишүүн, нэр бүхий улстөрчид түгээж, намын дотоод маргаанаа шийдвэрлэхийг эрмэлзэхийн оронд үүндээ шүүхийн байгууллагыг хамаатуулж, үйл ажиллагаанд нь урьдчилан нөлөөлөх зорилготой аливаа оролдлогыг удаа дараа хийж байна” гээд шүүгч хараат бус байж, хэн нэгэн хөндлөнгөөс нөлөөлж болохгүйг сануулжээ. Улмаар Шүүхийн тухай хуулийн 42.5-д “Шүүгчийн хараат бус байдалд халдсан, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан хэн боловч хуулийн хариуцлага хүлээнэ” гэж заасныг анхааруулав.
Шүүхэд нөлөөлөх, тулган шаардах агуулга бүхий уриа лоозон хэрэглэж Улсын дээд шүүхийн байрны гадаа цуглаан зохион байгуулж буйтай холбоотойгоор ШЕЗ-ийнхөн хуралдаж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдаж байна гэж үзээд эл үйл ажиллагааг таслан зогсоох, цаашид учирч болзошгүй үр дагавраас урьдчилан сэргийлэх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдлыг хангах, хамгаалахад чиглэсэн шаардлагатай арга хэмжээг шуурхай авахыг хүссэн албан бичиг цагдаагийн байгууллагад хүргүүллээ.