УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, М.Оюунчимэг, Х.Булгантуяа, Н.Учрал, Э.Бат-Амгалан, Г.Дамдинням, Т.Доржханд, Э.Батшугар, Д.Ганбат, С.Одонтуяа нар өчигдөр мэдээлэл хийв. Төрийн ордонд нэвтрэх журамд өөрчлөлт оруулахтай холбогдуулан тэд Ерөнхий сайдад санал хүргүүлсэн тухайгаа онцолсон юм. Энэ үеэр гишүүн Д.Цогтбаатар иргэдийг хувцаслалтаар нь ялгаварлан гадуурхах нь ардчилсан нийгэмд хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг тодотгоод, Төрийн ордонтой танилцах, сонгогч нар гишүүдтэй уулзах үед мөрддөг журмуудад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатайг тэмдэглэв.
Засгийн газрын тэргүүнд илгээсэн албан бичигт “Төрийн ордны тухай хуулийн 5.2, 8.5, 9.2 дахь заалтыг үндэслэн гаргасан, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Тагнуулын ерөнхий газрын дарга нарын 2008 оны есдүгээр сарын 17-ны өдрийн хамтарсан тушаалаар баталсан журамд заасан, Төрийн ордонд нэвтрэх иргэдийн хувцаслалтад тавигдах шаардлага нь төрийн байгууллагаар чөлөөтэй үйлчлүүлэх эрхийг зөрчиж байгаагаас гадна олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй” хэмээжээ. Гишүүд уг журмын 3.18 дахь заалтад нэр заасан “хамгаалалт, үйлчилгээний болон цэрэг, цагдаагийн ажилтнууд” гэсэн хэсэгт “төрийн албан хаагч” гэж нэмэх, биеийн тамирын хувцас, пүүз, жинсэн өмд, сандаал, богино ханцуйтай цамц зэргийг “чөлөөт, амралтын хувцас” гэдэгт хамааруулахгүй байхаар өөрчлөх санал оруулсан байна.