УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй ХҮН намынхан сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар иргэдээс цуглуулсан гарын үсэг, шаардлагыг УИХ-д уламжилсан билээ. Шаардлагын хариуг Төрийн байгуулалтын байнгын хорооноос өчигдөр өгөв. Тус байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүн Т.Доржхандад хариуг нь өгөхдөө “Та бүхний тавьсан саналыг хуулийн дагуу л хэлэлцэх боломжтой. Тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд сонгуулийн тогтолцоог өөрчлөх, эсэхийг хэлэлцэх ёстой. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хүрээнд өргөн барьсан төслийн дагуу ярьж, хэлэлцээд явна гэсэн үг. Ямар нэгэн төсөл өргөн бариагүй байхад үүнийг хэлэлцэх боломжгүй. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үеэр сонгуулийг хувь тэнцүүлсэн хувилбараар явуулах талаар санал гарч байсан. Санал ч хураасан. Нөгөөталаас сонгуулийн тогтолцоотой холбоотой маргааныг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх боломжтой. Дараагийн шаардлага нь улс төрийн нам байгуулахад нийт сонгогчийн нэг хувийн гарын үсгийг цуглуулсан байх босго өндөр байна гэж үзэж, багасгах явдал. Нэгэнт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд баталчихсан учраас асуудал үүсэж байна л даа. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх намыг доод тал нь 800 хүний гарын үсэг зурж, дэмжин байгуулсан. Одоо харин 23 мянган гарын үсэг нэмж цуглуулах шаардлагатай болж байна. Үүнийг судалж үзье. Гуравдугаарт, бүсчилсэн хөгжлийн тулгуур хотуудыг бий болгохыг шаардсан. Эдийн засгийн форумын үеэр ч үүнийг ярьсан учраас нарийвчлан судалъя. Бүсчлэн хөгжүүлж, орон нутагт ажиллах, бизнес эрхлэх боломж бүрдүүлэх чиглэлд анхаарна гэсэн үг. Бид хамтран ажиллах боломжтой. Гэхдээ хуульд зааснаар тухайн орон нутгийн ИТХ хуралдаж байж шийдвэр гаргах ёстой. Дөрөвдүгээрт, парламентын гишүүдийн тоог нэмэхийг шаардаж буй. Энэ талаар олон гишүүн саналаа илэрхийлсэн. Т.Доржханд, С.Одонтуяа нарын гишүүд хэлэлцүүлэг хүртэл зохион байгуулсан шүү дээ. Олон улсын байгууллагуудын хийсэн судалгаа ч байдаг. Энэ талаар судлаачид, намуудын түвшинд ярьж байгаа учраас тодорхой төсөл боловсруулж, өргөн барьсны дараа л ярих боломжтой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг зөвхөн ХҮН нам, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо мэдэж шийдэхгүй. Олон нийтийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагууд зэрэг олон талын төлөөллийг байлцуулан хэлэлцэх ёстой. Харин засаг захиргааны нэгжийн тоог бууруулах нь Үндсэн хуульд гэхээс илүү журмаар зохицуулахад нээлттэй гэж харж байна. Тиймээс асуудлыг бүхэлд нь болно, болохгүй гэж ярихад эрт байна” гэв
Энэ үеэр гишүүн Т.Доржханд гадаад, дотоодод байгаа иргэдээс гарын үсгийг нь цуглуулах ажлыг үргэлжлүүлж буйгаа дуулгаад, тогтолцооны өөрчлөлт хийхэд улс төрийн бүх намыг уриаллаа.