Эмийн хяналтын тогтолцоо, үр нөлөөний талаар шалгалт хийх үүрэгтэй түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг Н.Учрал, Д.Батлут, Э.Батшугар, Б.Бейсен, Ж.Чинбүрэн нарын гишүүн өчигдөр УИХ-д өргөн мэдүүлэв. Энэ бол өнгөрсөн оны сүүлчээр УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийг баталснаас хойш байгуулах гэж буй гурав дахь түр хороо. Өмнө нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг хянан шалгах, Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэгтэй түр хороодыг байгуулсан юм.
2019 онд баталсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 28.2-т “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавивал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” хэмээн заасан. Улмаар УИХ-ын тухай хуульд уг хороог заавал байгуулахаар тусгасан төдийгүй УИХ-ын хяналт, шалгалтын тухай бие даасан хуулийг баталсан юм.
Эмийн хяналтын тогтолцоо, үр нөлөөний талаар шалгалт хийх үүрэгтэй түр хороо байгуулах тухай тогтоолын төсөл өргөн барьсан гишүүд мэдээлэл хийх үеэр Н.Учрал “Дотоодын зах зээлд байгаа эмийн орц, найрлага нь стандартын шаардлага хангаж байгаа боловч үзүүлэх үйлчлэл нь харилцан адилгүй байгаа талаар иргэдээс маш олон гомдол, санал ирүүлж буй” гэсэн бол гишүүн Ж.Чинбүрэн “Монгол эмч нарын ур чадвар сайн, дэлхийн стандартад нийцсэн аргачлалаар эмчилгээ хийж чаддаг болсон. Харин чанартай, үр дүнтэйэмчилгээ хийхэд ерөөсөө л эмийн чанарт асуудал байна. Тендер нэрийн дор хамгийн хямд эмийг сүүлийн 30 жил эрүүл мэндийн салбарт нийлүүллээ. Тиймээс эрүүл мэндийн салбарын нэг томоохон бүрэлдэхүүн хэсэг болсон эмийн чанарын хяналт, үйлдвэрлэл, тээвэрлэлт, ложистик зэрэг бүх бүрдэл хэсгийг чанартай байлгахын тулд түүнийг хянадаг тогтолцоо нь сайн байхаас өөр аргагүй” хэмээн онцолсон. Түүнчлэн тэд төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд хийсэн аудитын дүнг дурдаж байв. Тодруулбал, 44 аж ахуйн нэгж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөлтэй байгаагаас 84.1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP шаардлагыг хангаагүй гэнэ. Мөн дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6, импортын эмийн 6.1 хувь нь стандартын шаардлага хангаагүй байсан тул Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэйгөөр олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэж дүгнэснийг дурдав. Нөгөө талаас дотоодын зах зээлд байгаа эм нь өндөр хөгжилтэй орныхтой орц, найрлагын хувьд ижил боловч үйлчлэлийн хувьд харилцан адилгүй нөлөөтэй байгаа нь чанар, аюулгүй байдалднь тавих хяналт, шалгалтын үр дүн бага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг мөрдөхгүй байгаатай холбоотой гэж үзэх үндэслэл болж байна хэмээн тэд үзжээ.
Яах аргагүй ноцтой байдал үүсчихэж. Уг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг өнгөрсөн жилээс ажиллуулсан. Оношилгооны өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгсэл хэрэглэх нөхцөл бүрдүүлснээр хүн амыг шаардлагатай эмээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангаж, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангаж, зохицуулалтын үйл ажиллагааг цогцоор нь хангах нь энэ агентлагийн зорилт гэж хэлж болно. Мөн олон улс дахь сайн туршлагыг судалж, оношилгоо, шинжилгээ, чанарын баталгаажилтын дэвшилт аргачлалыг нэвтрүүлэн, ДЭМБ болон гадаадын бусад байгууллагын зөвлөмж, стандартын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлснээр дуураймал, стандартын бус эмийн тархалтыг таслан зогсоох тэдний зорилго нь хянан шалгах түр хороо байгуулах гээд буй гишүүдийнхтэй яв цав нийцэж байгаа биз. Өөрөөр хэлбэл, дарга, хоёр дэд дарга, зургаан газар, нэг лабораторитой, орон тооны дээд хязгаарыг 80 хүнээр баталсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын ажлыг УИХ-ын 20 гаруй гишүүн түр хороо байгуулах замаар хийх гэж байна. Уг нь байгуулагдаад жил гаруй болчихсон агентлагийн үйл ажиллагаанд салбарын яам, Засгийн газар нь хяналт тавьж, дүн тавих эрхтэй. Өнгөрсөн нэгдүгээр сард тус агентлагийн дарга С.Цэцэгсайханыг цар тахлын үед эмийн татан авалтын зохицуулалтад хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн бөгөөд орных нь хүнийг томилоод удаагүй байна.
Хууль, УИХ-ын бусад шийдвэрийг баталж, биелэлтэд нь хяналт тавьж, шалгах нь манай парламентын онцгой бүрэн эрх. Хэдийгээр эдгээр нь хоёулаа онцгой бүрэн эрх нь ч гэлээ чанартай, сайн хууль батлах нь УИХ-ын гишүүдийн хамгийн түрүүнд хариуцлагатайгаар хийх ажил. Нөгөө талаас хянаж, шалгах эрхийг нь хууль тогтоогчидтой хэн ч булаацалдаагүй. Тийм эрх ч байхгүй. Харин сүүлийн үед хянаж, шалгах эрхээ хэрэгжүүлэх гэж шунан, хөөрцөглөх дүр зураг илүүтэй ажиглагдах болснынэг илрэл нь энэ гэлтэй. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчид гүйцэтгэх засаглалынханд хуулиар олгосон хяналт, шалгалтын чиг үүргийг нь булаацалдаж, үйл ажиллагаанд нь хэт хутгалдаад эхэлж буй хэрэг. Тэгсэн хэрнээ төрийн зарим төрлийн хяналт, шалгалтыг тодорхой хугацаагаар зогсооно, аж ахуйн нэгжүүдэд элдэв дарамт, шахалт үзүүлэхгүй гэж яриад, хууль батлах гээд байгаа шүү дээ.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй, УИХ-ын хяналт, шалгалтын тухай тусгайлсан хуульгүй байхад л энэ хүслээ гишүүд дарж яддаг байв. Өмнөх парламентад буюу 2018 онд УИХ-ын дарга захирамж гаргаж, Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан түүхтэй. Оюутолгойн тухайд өмнөх парламентаас нь ч ажлын хэсэг гарган, “Дубайн” гэх тодотголтой гэрээг шалгаж байсан. Хэд хэдэн сайдын хамтарсан тушаалаар тус төсөлд хийсэн шалгалтын дүнг түрүүчийн УИХ-д танилцуулж сонссон удаатай. Эдгээрийг нэгтгэн, дахин нягталж, ажлаа, салбараа арван хуруу шигээ мэддэг мэргэжилтнүүдийн хүчийг ашиглан тун ч нарийн шалгаж, дүгнэхээ тухайн үед онцолж байв.
Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ээс баталгаа гаргаж, “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотойгоор олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг ч байгуулж байлаа. Түүнчлэн төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар гаргасан Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны Удирдах зөвлөлийн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд танилцуулах үүрэгтэй ажлын хэсгийг тус байнгын хорооноос байгуулж байсан юм.
Уг нь УИХ-ын гишүүн Ц.Туваанаас Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хандан эмийн үйлдвэрлэл, үнийн талаар тавьсан асуулгын хариуг салбарын сайд нь саяхан илгээсэн байх жишээтэй. Асуулга тавих нь парламентын хяналтын бас нэг хэлбэр юм. Тэгээд ч нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудал бүрээр хянан шалгах хороо байгуулна гэвэл УИХ-ын гишүүд бүгд улсын байцаагч, эсвэл мөрдөгч болох биз. Ингэхэд агентлагийн ажлыг булаацалдах завтай байгаа юм уу, гишүүд ээ.