Монголын эдийн засаг “Ёо ёо” болоод байна. Аргаа барсан Засгийн газар хэмнэлтийн хуулиудыг өргөн барив. Гэвч хэмнэлтийн хууль хэрүүлийн алим болов. Хэдэн гишүүн хот, хөдөөгөөрөө талцаад хэрэг алга. “Манайхыг хасаад танайд өгөх гэж байна” гэлцээд сүйд. Бас өөрсдийн томилуулсан дэд болоод орлогч дарга, захирлуудыг цомхотголд оруулахгүй гээд засгаа ч юм уу, Их хурлаа, эсвэл бүр намаа бойкотлоод эхлэв.
Угтаа Монгол ганцаараа ингэж “өвдөөд” байгаа юм биш л дээ. Дэлхийгээрээ л нэг юм болж байна. Хойд хөршийн байдал сайнгүй байна. Урд хөрш ирэх хоёр жилийнхээ эдийн засгийн уналтыг ойлгочихсон байна гэх... Гуравдагч хөршүүдээс бас л тааруухан мэдээтэй.
Ингэхээр ирэх хямрал илүү чанга өвтгөнө гэдгийг бид ойлгох ёстой юм шиг байгаа юм.
Тэгэхээр Монголыг хямралын далайд дагуулж сэлэх Засгийн газар ямар бодлого барьж байна вэ гэдэг чухал.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд боомтуудын хүчин чадлыг нэмж, түүгээр нэвтрэх ачаа барааны экспортыг нэмэхэд гол анхаарлаа хандуулж буй аж.
Мөн дотооддоо үнэ тогтворжуулах бодлого, үйлдвэрлэгчдийг дэмжих санаачилга зэргийг гаргаад л явж байна.
Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн хямралыг гэтлэх гол бодлого нь төсвөөс гадуур урсдаг төрийн мөнгийг олоход байгаа бололтой. Бололтой ч гэж, тэгж байна.
Ойрын өдрүүдэд Монголын хууль хяналтынхан, тэр дундаа АТГ, ЭЦА-ныхан “орондоо орох” ч завгүй ажиллаж буй бололтой. Авлига, албан тушаалын хэргүүд ар араасаа ил болоод сүйд. Сайн ёр уу, муугийн зөн үү, бүү мэд.
Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шууд санаачилгаар ийм хэргүүд шалгагдаж эхэллээ гээд ойлгочиход болохоор байна.
Л.Оюун-Эрдэнэ он гарангуут Хөгжлийн банкны хэргийн талаар зарласан. Одоо энэ Хөгжлийн банкны хэрэг гэж хөгийн юм болж байна. Эхний дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэхээр Ерөнхий прокурор санал гаргасан. Халдашгүй байдлын дэд хорооноосоо эхлээд халгаж гүйгээд бүтэхгүй л шинжтэй. Бас Ерөнхий прокурор С.Бямбацогт, Г.Дамдинням нарын зарим гишүүний нэрийг “мартсан” гэсэн мэдээ дуулдаж л байна.
Ерөнхий сайд цагаан сарын дараахан Хятадад очоод Ерөнхий сайдтай нь боомтуудын холболтыг хийхээр тохиролцсон. Тэгэхэд яригдсан Гашуунсухайтыг төмөр замаар холбох тохироо нь маш ихээр анхаарал татдаг. Бараг 17 жилийн турш төмөр замыг гацааж, нүүрсээ авто тээврээр зөөж арвин их “зоос” олдог Монгол, Хятадын бүлэглэлийн талаар чих дэлсэж эхэлсэн. Өөрөө ирээд энэ талаар бас ярьсан. Саяхан олон нийтэд хандаж олон мэдэгдэл хийсний нэг нь “Хөгжлийн банкийг цэгцэлчихээд нүүрсний хэргийг гаргаж ирнэ” гэсэн юм. Тэр хэрэгт Монголын улс төрийн нөлөө бүхий лидерүүд холбогдоно гэсэн нь анхаарахгүй байхын аргагүй үг. Хэрэг ч хөдлөөд эхэлсэн бололтой, сүүлийн өдрүүдэд Гашуунсухайтын ганц нэг алба хаагч баригдсан мэдээлэл гарч байна.
Гэвч Хөгжлийн банкны хэргийн араас олон улстөрч гарч ирж байгаа шиг Нүүрсний хэргийн араас хэн хэн гэдэг улс төрийн лидерүүд гарч ирэх бол гэдгийг бүгд харж байна.
Үүнээс гадна, улс төрийн хүрээнийхэн, учир мэдэх хүмүүсийн ярьж байгаа нэг юм байна. Хөгжлийн банкны зээл, Д.Эрдэнэбилэгийн ард, төмөр зам гээд хэдхэн сарын өмнө Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан Х.Баттулгатай холбогдохгүй асуудал бараг алга. Хоёр хоногийн өмнө нэгэн хэвлэлд “Хөгжлийн банкны хэрэгт зөвхөн УИХ-ын гишүүд холбогдоогүй. Тэднээс гадна төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэгэн эрхмийн нэр дуулдаад удсан. Ерөнхийлөгчийн албан тушаалаас буугаад жил болох гэж буй эрхэм бий. Тэрбээр Хөгжлийн банкны хэргийн “цунами”-д өртөхгүй гэж ихэд хичээж байгаа гэх мэдээлэл бий. Гэвч хууль хяналтын байгууллагынхан түүний зөвлөх асан нөхрийг бариад авсан. Шалгаж байна. Олсны үзүүр явсаар мань хүнд хүрэх нь тодорхой тул намын толгойд гарахаар үзэж эхэлжээ. Тэрбээр хоригдож буй зөвлөхөөсөө илүүтэй “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авчирсан “эзэн”-д сэтгэл зовниж байгаа аж. Учир юу гэвэл экс Ерөнхийлөгч хэд хоногийн өмнө Ерөнхий сайдтай уулзсан мэдээлэл байгаа юм. Тэгж уулзаад “...Тэр хүнийг хүндрүүлээд яах юм бэ, больчих” гэсэн байна. Харин Ерөнхий сайд “...Хуулиараа шийдэгдэг” гэжээ. Тэгээд тэд муудалдцаад салсан аж. Ийм мэдээллүүд Улсын ерөнхий прокурорын уржигдрын саналын дараа улс төрийн хүрээнд яригдаад эхэллээ” гэж бичсэн байна. Тэр нь Х.Баттулга бололтой.
Тэгэхээр олны яриад оволзоод байгаа нь үнэн эсэхийг ингэж нэг тийш болгох хэрэгтэй. Тэгж Х.Баттулгыг шалгаж чадвал “Браво!” гэе, Л.Оюун-Эрдэнэ ээ.
Бэлтгэсэн Б.Баяр