Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй өчигдөр уулзаж, Гол нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд дотоодын үйлдвэрлэгчид, импортлогчид, сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвүүд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо. Тэрбээр уулзалтын эхэнд “Инфляц 15-16 хувьтай байгаа. Үүнд нөлөөлдөг мах, гурил, шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл, шатахуун импортлогчдод татаас олгохоор шийдвэрлэсэн. Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн албан татварыг чөлөөлөхөөр төсвийн тодотголын төсөлд тусгалаа. Энэ оны III, IV улиралд эдийн засаг хүнд сорилттой нүүр тулж, ирэх оны нэгдүгээр хагасаас өсөлттэй гарах прогнозыг олон улсын байгууллагууд хийжээ” гээд амаргүй энэ нөхцөлд хүнсний худалдааны салбарын төлөөллийнхний санаа бодлыг сонсохоор уулзаж буйгаа тайлбарлав.
Уулзалтын үеэр “Апу дэйри” компанийн захирал Г.Баярмагнай “Монгол хүний сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Манай улс жилд 30 орчим сая тонн хуурай сүү импортоор авдаг. Олон улсад нэг хүнд ногдох сүүний жилийн хэрэгцээ 160-180 литр байдаг бол манайд 30-50 литр байна. Бид 1000 орчим малчин өрхөөс сүү цуглуулдаг. Цаашид 21 аймаг, бүс нутагт сүүний цэг байгуулах шаардлага бий. Үүнийг хийж чадвал 5000 орчим малчин өрхийн орлого нэмэгдэнэ. Мөн хатаасан сүүний үйлдвэр байгуулбал малчид зундаа сүүгээ өгөөд, өвөлдөө үр өгөөжийг нь хүртэх боломжтой. Эдгээрийг хийж чадвал гадагшаа гарч буй валют дотооддоо үлдэнэ” гэсэн бол “Өгөөж чихэр боов” компанийн захирал С.Түмэнгэрэл “Биднээс хамаарахгүй нөхцөл үүсчихлээ. Үнэ буулгах гэхээс илүүтэй яаж тогтвортой байлгах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Ганц гурилын үнийг бүтээгдэхүүний үнэ буурах боломжгүй. Өөрөөр хэлбэл, гурилан бүтээгдэхүүний бусад түүхий эдийн 98 хувийг гадаадаас авч байна” гээд хомсдол үүсгэхгүйн тулд хүнс үйлдвэрлэгч компаниудтай своп хэлцэл хийх санал тавив.