УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хаалттай хуралдаж, гишүүн Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцлээ. Тус хуралдаан үдээс өмнө эхэлж, орой болтол үргэлжилсэн ч шийдвэр гаргасангүй. Тэд нэр бүхий дөрвөн гишүүн болон Улсын ерөнхий прокуророос тайлбар, мэдээлэл авсан бөгөөд хуулийн байгууллагынхнаас нэмэлт мэдээлэл авах шаардлагатай гэж үзжээ. Мөн гишүүдийн зарим нь яллагдагчаар татсан тухай тогтоолтойгоо танилцаагүй, ойлголт муутай байгааг хаалттай хуралдааны талаар мэдээлэл өгсөн гишүүн Ц.Мөнх-Оргил онцолсон. Харин тус дэд хорооны дарга Н.Энхболд өвчтэй тул хуралдаанд оролцоогүй. Хуралдааныг гишүүн Б.Бат-Эрдэнэ даргалжээ. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь таван гишүүнтэй бөгөөд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, Н.Энхболд гишүүнийг ирэхээр буюу өнөөдөр, эсвэл маргааш дахин хуралдах гэнэ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр хуралдахаар товлоод байсан Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо ч хуралдахааргүй болж байна.
Бэлтгэсэн. У.НАРАН