УИХ-ын гишүүн Н.Ганибал Шадар сайд С.Амарсайханд хандан хойд, өмнөд хоёр хөршийг холбох байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах төслийн явцын талаар асуулга тавилаа. Тэрбээр асуулгадаа уг хоолойг өөрийн нутгаар дамжуулах нь эдийн засаг, гадаад харилцааны хувьд ашигтай, эсэх, давуу болон сул тал, эрсдэлийг сайтар тооцоолох ёстойг онцолсон байна.
Улмаар ОХУ болон БНХАУ-ын хооронд байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах талаар тодорхой гэрээ, хэлэлцээрийг эцэслэн баталсан, уг төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд сонгогдсон, эсэх талаар тодруулжээ. Түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хоолойн ТЭЗҮ-ийг хийсэн, эсэх, жилд хэдий хэмжээний хий дамжуулах, түүний төлбөрийг хэрхэн тооцох, манай нутаг дэвсгэр дээр хэдэн ам дөрвөлжин километр талбайг эзлэх талаар тодорхой мэдээлэл хүсжээ. Цаашлаад төслийг хэрэгжүүлсэн тохиолдолд хоолойн хамгаалалтыг оролцогч талуудын аль нь хариуцах, манай улс завсрын хэрэглэгч болсон тохиолдолд жилд хэдий хэмжээний хий худалдаж авахаар төлөвлөж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатайг дурдсан байна. Мөн хоолойг дагаж баригдах дэд бүтцийн бүтээн байгуулалтын зардлын тооцоо, тэдгээрийг хаанаас, хэрхэн санхүүжүүлэх, цаашид аль талын өмчлөл, эзэмшилд үлдэх, Монгол Улсад ирэх өгөөж зэргийн талаар мэдээлэл ирүүлэхийг хүсжээ.
Бэлтгэсэн У.Наран