Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэгтэй түр хорооныхон өчигдөр хуралдаж, даргаараа УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг сонгов.
УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу түр хорооны даргыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгосон бөгөөд гишүүн Ц.Мөнхцэцэг Ж.Сүхбаатарыг нэр дэвшүүлсэн юм. Ингэхдээ тэрбээр түүнийг УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг парламентын хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийг ахалж байсныг нь онцлов. Харин гишүүн Т.Доржханд “Хөгжлийн банктай холбоотой асуудалд шударга, улс төрийн эр зоригтой, аливаад бодитой ханддаг хүн байх ёстой” гээд гишүүн Б.Энхбаярыг дэвшүүлсэн ч тэрбээр гишүүн Ж.Сүхбаатарыг дэмжиж буйгаа илэрхийлэн, нэрээ татлаа. Мөн гишүүн Н.Ганибал “Парламентын цөөнхийн төлөөллөөс түр хороог удирдах нь зүйтэй” хэмээгээд, гишүүн Т.Доржхандыг дэвшүүлсэн юм. Ингээд санал хураахад гишүүн Ж.Сүхбаатар 75, Т.Доржханд 25 хувийн санал авав.